Татварын буцаан олголтыг олгож дууслаа

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-05-29 22:58:04

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 оны тайлангаар аймгийн Татварын албанаас баталгаажуулсан 3236 иргэнд нийт 1,799.3 сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан олголоо.

Өнгөрсөн оны татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийн тайланг энэ оны хоёрдугаар сард хүлээн авч баталгаажуулсан байна. Эдгээр иргэдийн татварын буцаан олголтын мөнгийг улс, орон нутгийн төсөв хүндрэлтэй, орлогын тасалдалтай байгаа ч орон нутаг нөөц бололцоогоо дайчлан энэ сарын 26-нд бүрэн олгож дууслаа гэж аймгийн Татварын хэлтсийн дарга н.Баттулга ярилаа.

“Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу иргэн орон сууц худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцааж олгохоор заасан. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ.

                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ