Хүйтэний голын "Бичигт хад“

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-25 14:31:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан нутаг судлаач, Дархан-Уул аймгийн музейн захирал, дэд профессор Д.Жамбалдоржийн “Дархан нутгийн түүх, соёлын дусгалууд-2” номд орсон ховор, түүхийн дурсгалуудаас дээжлэн хүргэж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургууд бий. Уг түүхийн олдворыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн бөгөөд зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байгаа ч уг бичээсний ерөнхий утгыг тоймлон гаргажээ.

Хадан дээрх тэрхүү бичээст: "Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа" гэжээ.

Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй ажээ. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгийг дүрсэлжээ.
Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ.

       Зураг 1. Зууван дөрвөлжин хашлагыг улаан ягаандуу зосоор хөвөөлөн зураад дээд талын хэсэгт нь үргэлжилсэн дүрсүүд, доод талынх нь үлдсэн зайд олон тооны дугуй толбо дүрсэлснээс хорь гаруй нь хадгалагдан үлджээ. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том сольбоо чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан (адуу) дүрсэлсэн байна. Тэр амьтны хойд хөлийн доор өөр нэг дүрсийг залгуулан зурсан. Хадны зургийн доод захад далавчаа дэвсэн бүргэд шувууг дүрсэлж, түүний зүүн талд ганц богино босоо зураас зуржээ.
 Зураг 2. Гараа дэлсэн, хөлөө алцайн зогссон эр хү*нийг том бэлэг эрхтэнтэй зуржээ.
 Зураг 3. Зуувандуу дөрвөлжин хашлагыг улаан зосоор дүрслээд түүний дээд талаас доош эгнүүлэн 7 урт зураас унжуулан дүрсэлжээ. Зурааснууд уртаараа харилцан адилгүй боловч үзүүрүүд нь бүгд хашлаганы тэг дундаас доош унжжээ. Улаан зосон зурагт ийм зураг бараг тохиолддоггүй тул сонирхолтой. Түүний доор гараа дэлсэн хүн, доод талд нь залгуулан нэгдүгээр зурагт залгуулан зурсантай ижил дүрсийг зуржээ.
        Зураг 4. Гадна талаар нь хөвөөлөн дүрсэлсэн дөрвөлжин хашлаганы зөвхөн дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлджээ. Эдгээр зургийн будаг ихэд балран бүдгэр
сэн аж. Уг Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтад авсан юм.
 

Холбоотой мэдээ