“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 12 хүртэлх насны хүүхэдтэй 232 ажилтанд цалинтай чөлөө олгожээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-18 16:29:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж, хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээг үргэлжлүүлэн авч, ажиллаж байна.  

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/661 тоот тушаалаар коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулалт хийж, 12 хүртэлх насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аав болон 4-өөс дээш сартай жирэмсэн ээж, нийт 232 ажилтанд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө олголоо.  

Мөн дээрх тушаалын хавсралтад баталсны дагуу цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой 152 ажилтныг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлэж, цалинтай чөлөө олгоод байна. Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй уурхайчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд  хөдөлмөр зохион байгуулалт хийж,  он гарсаар 4 дэх удаагаа цалинтай чөлөө болон цахимаар ажиллах боломжийг ажилчдадаа олгоод байна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ