Аяны хүрээнд 12 мянган айлын яндан хөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-11 15:51:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр сарын турш үргэлжилсэн “Яндангаа хөөлье” аяны хүрээнд “Таван толгой түлш” компани 16 мянга гаруй иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянган өрхийн яндан хөөлжээ.


Айл өрхийн 7 мянган зуухны битүүмжийг засаж, ханан пийшин шинээр хийх, яндан солих  засвар үйлчилгээг ч үзүүлсэн байна.


“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал БОАЖЯ-нд болсон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны хурлын үеэр, Манай ажилтнууд өдөр бүр айлаар явж угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө өгч байна. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж угаарын хийн хордлогод өртөх юм. Яндангаа авч, өрхөө бүтээх, сойлтоо хаах, зуух, яндан, пийшингийн битүүмж алдагдах нөхцөл нь угаарын хийн хордлогод өртөх шалтгаан болдог. Угаарын хийн мэдрэгч нь эрсдэлээс хамгаалах эхний алхам учир хэвийн ажиллагааг нь шалгаж байх”-ыг анхааруулав.


Түүнчлэн яндангаа зөв хөөлөх, угаарын хий мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг шалгах, зуух пийшингийн битүүмж, цэвэрлэгээ, зөв галлагаа сэдвийн хүрээнд сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр түгээж байгаа. Эдгээр мэдээлэл нь цахим орчинд давхардсан тоогоор 700 мянган хүнд хүрчээ.

 

 

Холбоотой мэдээ