Зураасан кодыг 3 мянган байгууллага, ААН ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-09 16:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулж буй нөхцөлд бар код буюу зураасан кодын системийн ач холбогдол, ашиглалт, хэрэглээ чухал үүрэгтэй болж байгаа юм. Зураасан код системийг хэрэгжүүлэгч "GS1 Монгол"- байгууллагын захирал Ш.Цэвэлсайхантай энэ талаар ярилцлаа.


-GS1 систем буюу зураасан, бар кодын системийг иргэд, төр, компани, ААН-үүд хэрэглэснээр гол давуу тал, ашиг нь юунд байдаг вэ? 

-Юуны өмнө GS1 системийн талаар товч танилцуулах хэрэгтэй байх. Энэ бол глобал стандарт буюу худалдаа, үйлчилгээнд хэрэглэж ашигладаг олон улсын систем юм. Дэлхий нийтээр бизнесийн болон үйлчилгээний глобал хэл гэдэг.  Энэ нь дэлхийн аль ч улсад, хэн ямар бизнес эрхэлж, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, үйлчилгээ үзүүлж буйгаас үл хамааран, мэдээллийн технологи дээр суурилсан, тоон болон тэмдэгт дүрсүүдээр мэдээлэл солилцох боломжийг олгодог систем юм. 

Энэ системийг дэлхийн 160 гаруй оронд хэрэглэж байгаа ч GS1-ийн албан ёсны гишүүн 115 орон байдгийн нэг нь манай улс. Дээрх тооны улс орноор дамжуулан энэхүү системийг нэг стандартаар дэлхий нийтээр хэрэгжүүлж ашиглаж байна. Манай "GS1 Монгол"-оос олгож буй бар код буюу зураасан кодыг бусад улс орон хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.  Гадны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд олгосон бар кодыг дотоодын зах зээл дээр мөн хүлээн зөвшөөрдөг. 


-Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэж ашиглаж буй бараа, бүтээгдэхүүний зураасан кодны ач холбогдол нь юунд байна вэ?

-Бар код буюу зураасан кодыг өнөөдөр манай улсад маш өргөн хэрэглэж байна. Тодруулж хэлбэл, бүх хүн, Монгол Улсын иргэн бүр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, дэлгүүр, үйлчилгээгээр үйлчлүүлэхээс гадна иргэний цахим үнэмлэх авах, и-баримт уншуулахаас эхлээд лавлагаа материал авч төрийн байгууллагаар үйлчлүүлэх явцад, хүссэн хүсээгүй зураасан кодны хэрэглэгч болоод байна. Ингэж өргөн хэрэглэж буй ч цаад учир, үндсэн зорилтыг тэр бүр мэддэггүй байх. Энэ нь.

  • нэгд, тухайн байгууллага, ААН-ийн, одоо бол төрийн зардлыг хэмнэж буй,
  • цаг хугацаа, зардал чирэгдлийг хөнгөвчилдөг,
  • хүнээс хамааралтай алдаа, эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой. 


Зураасан кодтой холбоотой үйлдлийг дэлхийд өдөрт 6 тэрбум удаа хийдэг.


-Манай улсад олгож буй зураасан кодын тоо 865-өөр эхэлдэг. Өөр код үүсэх боломж, нөөц бий юу, кодын тоо давхцдаг уу?

-Тийм ээ, манай улсынх дээрх тоогоор эхэлдэг. Кодын тооны тухайд энэ нь хязгааргүй. Тухайн орны тоо нь 3 оронтой, үүгээр эхлэлийг тооцож явдаг. Ер нь бар код буюу зураасан код нь тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгодог, давтагдашгүй, цор ганц тоо юм. Тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ амьдрал дээр, зах зээл дээр оршсоор байх хугацаанд код нь өөрчлөгддөггүй, 100 жил болсон ч хэрэглээд ашиглаад л явдаг ийм систем юм. 

Манай улсад 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 3 мянга орчим байгууллага зураасан кодыг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ идэвхтэй ашиглаж хэрэглэж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар, брэнд, орц найрлага гэх мэт тэр бүр өөрчлөгдөхөд зураасан кодыг авч явдаг. 


-ААН, байгууллага, иргэд бар код авахад ямар шаардлага тавьдаг бэ?

-Энэ үйл явц хялбар, хэрэглэгч манайд хандан авч болно, мөн онлайн хэрэглэгчийн системээр дамжуулан авах боломжтой. Энд хугацаа шаардахгүй, материалаа өгөөд 5-6 минутад авч болно. Хэчнээн код авахаас шалтгаалж хугацаа хамаарна. 

Өнөөдөр GS системийг дэлхийн 160 гаруй оронд 30 гаруй салбараар дамжуулан 2 сая гаруй байгууллага, аж ахуйн нэгж ашиглан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэж, түүгээр дамжуулан зураасан кодын үйлдлийг дэлхийд 6 тэрбум гаруй удаа хийдэг. 

Ярилцсан Б.Болд

Холбоотой мэдээ