Ард түмнүүдийн найрамдал эдийн засгийг аварна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2020-11-09 13:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эдийн засгийн харилцаа нь маш өргөн хүрээг хамарсан асуудал бөгөөд улстөрч, эрдэмтэд, томоохон корпорациудын ажилтнуудын анхаарлын төвд байсаар ирсэн. Өнөө үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй ямар ч хүн ямар нэгэн байдлаар эдийн засагтай холбогдсон байхаас гадна улс орны эдийн засгаас ард иргэдийн амьжиргаа хамаардаг. Цалингийн хэмжээ, барааны үнэ, үйлчилгээний чанар, эрүүл мэндийн үйлчилгээний түвшин, боловсрол мөн аялж жуулчлах боломж гээд хүний амьдралын бүх зүйл эдийн засагтай холбоотой. Энгийнээр хэлэх юм бол эдийн засгийн хөгжлийн түвшнээс айл гэр, хүн бүрийн амьдрал хамаарна. Товчхоноор хэлэхэд, ямар ч хариуцлагатай улс төрийн хүчин  төрийн ажил тэр дундаа нийгэм-эдийн засгийн салбарын үйл ажиллагаа  ард түмний сайн сайхны төлөө байх ёстой. Үүнд аливаа улс бусад орнуудтай хамтран ажиллах нь маш чухал үүрэгтэй.  Жишээ нь Монголын хувьд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага юм. Тус байгууллага нь олон улсын хэмжээнд, ойрын хөрш орнуудтайгаа хамтрах, олон талын харилцааг хөгжүүлэхэд хамгийн таатай  нөхцөлийг бүрдүүлж өгдөг байгууллага.  Үүний нэг жишээ болох улс нь ШХАБ-ын томоохон гишүүдийн нэг болох ОХУ.


Хүний төлөөх эдийн засаг

2020 оны 11-р сард болох чухал үйл явдлуудын нэг нь ШХАБ-ын гишүүн орнуудын ээлжит чуулга бөгөөд энэ удаад түүнийг Орос тэргүүлэх юм. Цар тахлын улмаас форум нь алсын зайнд буюу видеогоор явагдана.

Энэ үеэр тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид цаашид  ялангуяа цар тахлын нөхцөлд  улс төр, нийгэм-эдийн засгийг хэрхэн бэхжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцах юм. Ийнхүү олон улсад үүсээд буй нөхцөлд Монголын хувьд “Орос-Монгол-Хятад” гэсэн эдийн засгийн коридор байгуулах,  2016 онд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон Евразийн бүс нутаг дахь интеграцчлалын нэгэн илрэл болсон энэхүү гэрээг хэрэгжүүлэх нь чухал. Гурван улсыг хамарсан эдийн засгийн коридор нь Монголын хувьд өөрийн боломжоо ашиглаж дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Учир нь Монголын тал нутгаар өнгөрөх зам нь Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа болон Хятадын “Нэг бүс Нэг зам” санаачилгын хэрэгжилтэд нийцэж байна.

Үнэхээр ч ШХАБ-ын гишүүн Орос, Хятад хоёрын дунд оршдог нь Монголыг олон улсын хамтын ажиллагаанд татан оролцуулах нь ашигтай.

2005-2009 онуудад Монгол Улсаас ОХУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан ноён Л.Хангай  ШХАБ-ын ажиглагч гишүүн байх болон тус байгууллагын хүрээнд гишүүн орнуудтай хамтран ажиллах нь ямар давуу талтай талаар ийнхүү ярьжээ:

“2016 онд Ташкентад болсон  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос хоёр нь Хятадтай хамтран эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт зааснаар Монголын газар нутгаар дайран өнгөрч буй төмөр замыг шинэчлэх, шинэ төмөр зам болон автозам барих, манай улс орнуудыг холбосон цахилгааны шугам татах юм”. Тэрээр цааш нь хэлэхдээ “Монгол бол ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг болон хамгийн олон хүн амтай, эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж буй хоёр орны дунд оршдог. Тиймээс нэлээд өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх нь ирээдүйд Евразийн бүс нутагт нэмэлт бааз суурийг бий болгоно” гэсэн.


Эдийн засгийн хямралыг даван туулах

Монголын хувьд, эдийн засгийн хямралыг даван туулахад олон улс болон бүс нутгийн  хамтын ажиллагаа бөгөөд түүнээс бий болох үр өгөөж чухал. Монголын гадаад бодлогын гол чиглэлийн нэг нь “улс төр болон эдийн засгийг интеграцчлах үйл явцад оролцох” хэмээн заасан байгаа. Тэр тусмаа газар нутгийн байрлалын хувьд авч үзвээс Монгол, Орос хоёр хамтран ажиллах нь тохиромжтой. ОХУ-тай хамтран тээвэр-ложистик болон эрчим хүчний төслүүд, ялангуяа  Орос-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридорыг байгуулах ажлын хүрээнд хийх нь олон жилийн түншлэлийн гэрээний үндэс суурь нь болох юм.

Уг асуудлаар олон улс судлаач, дипломатч ноён Д.Баярхүү өөрийн бодлоо хэлэхдээ “Миний бодож байгаагаар транзит эдийн засаг нь манай орны хувьд хамгийн тохиромжтой. Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу Монголын газар нутгаар дамжуулсан тээвэрлэлт хийх нь  хамгийн тохиромжтой. Жишээ нь хий дамжуулах хоолой манай нутгаар дамжин өнгөрнө. Цахилгааны шугам татсан ч болно” гэсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ “Наушкигаар дамжуулан хурдны зам тавих боломж ч бий. Монгол нь газар зүйн хувьд хамгийн тааламжтай байрлалтай, ямар нэгэн саад байхгүй. Хурдны зам тавих юм бол эдгээр нутгуудад өндөр уул, нуур зэрэг байхгүй” гэсэн.


Бидний байр суурь ижил

Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэнэ. Орос-Монголын харилцааны түүхийг эргэн харваас Орос нь стратегийн түншлэл тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж чадна гэдгийг харуулна. Энэ нь дэлхий дахинаа улс орнууд, ард түмнүүдийн харилцаа холбоо идэвхжиж, манай ертөнцөд эдийн засаг, улс төр, соёл болон шашны интеграцчлал явагдаж байгаа энэ үед харуулсан гэдгийг хэлмээр байна. Монгол, Орос нь зөвхөн найдвартай түншүүд төдийгүй, түүхийн нэг жимээр холбогдсон сайн андууд бөгөөд манай хоёр улсын найрамдалт харилцаа цаг хугацаагаар шалгагдсан. Өнөөдөр хоёр улсын хөгжлийн стратеги ч төстэй байгаадаа биш, учир нь ижилхэн байх боломжтой.

Үүнтэй холбогдуулан ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай хэлэхдээ, “Манай хоёр улсын харилцаа илүү өндөр түвшинд хүрсэн. Энэ нь 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Улаанбаатар хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан найрамдалт бөгөөд стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр баталгаажсан бөгөөд хүмүүнлэгийн салбарт маш олон нааштай өөрчлөлтүүд гарсан” гэсэн. Ноён Л.Хангай цааш нь хэлэхдээ “2014 онд байгуулсан гэрээгээр Монголын иргэд ОХУ-д визгүй зорчихоор болж Оросын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоо нэлээд нэмэгдэж, Халх голд  ялалт байгуулсны ойг тэмдэглэсэн. Оросын компаниуд  Зөвлөлтийн тусламжаар баригдсан аж ахуйн нэгжүүдийг шинэчлэхэд оролцож байна. Цаашид олон жилийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурь болсон хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр цар тахлын үед  Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын үйл ажиллагааг амжилттай явж байгааг тэмдэглэхэд таатай байна. 2019 оны 12 сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хурэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр  Оросоос Хятад руу тавигдах хийн хоолойг Монголын газар нутгаар өнгөрүүлэхээр болсон. Хэдэн тэрбумын өртөгтэй энэ томоохон төсөл нь зөвхөн Монгол, Орос хоёрт төдийгүй бидний  хамтын хөрш Хятадад ч хамаатай” гэсэн.

Түүний ярьснаар, хоёр талын харилцаа болон Монгол, Оросыг хамарсан олон улсын төслийг хэрэгжүүлэхэд хамтран шийдэх тулгамдсан асуудлууд ч бий. “Хоёр улсын худалдааны эргэлт бидний хүссэн бөгөөд боломжийн хэмжээнд хүрэхгүй байна. Энэ бол ялангуяа бараагаа экспортлох хүсэлтэй манай үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд маш эмзэг асуудал.  ОХУ нь Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувьд гаалийн татварыг дур мэдэж бууруулах боломжгүй гэдгийг сануулмаар байна. Өдгөө ГХЯ болон бусад байгууллагууд чөлөөт худалдааны гэрээг байгуулахаар хэлэлцээ хийж байгаа” хэмээн ноён Л.Хангай онцолсон билээ.

Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Вьетнамтай ийм гэрээ байгуулсан тиймээс удахгүй бид ч ийм гэрээ байгуулна хэмээн найдаж байна хэмээн Л.Хангай ярьжээ.

Ирэх жил Монгол барууны орнуудаас авсан томоохон зээлүүдээ төлж эхлэх ёстой бөгөөд өдгөө эдийн засгийн хямралд автаад буй Монголын талаас экспортолдог барааны зах зээлийг өргөжүүлэхэд тун тохиромжтой үе. Оросын бүс нутгууд болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах нь энэ байдлаас гарч, Монголын эдийн засагт ч нааштайгаар  нөлөөлнө. Энгийнээр хэлэх юм бол Монголд ОХУ-тай эдийн засгийн түнш болох нь ашигтай. Хамгийн гол нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үр өгөөжтэй хамтран ажиллах боломж бий бөгөөд манай  хоёр  улс харилцан ашгтай, итгэлцэл дээр тулгуурласан, тэгш эрхтэй,  зөвшилцсөн, бие биеийнхээ янз бүрийн ястан үндэстнүүдийн соёлыг хүндэтгэсэн харилцааг эрхэмжлэж, хамтран хөгжих хүсэл эрмэлзэлтэй.

Д.Баярхүүгийн хэлснээр, “Монгол эдийн засгийн салбарт маш олон оронтой хамтран ажилладаг бөгөөд бид нэлээд алдаа гаргадаг. Жишээ нь, Засгийн газар байнга солигдож, шинэ нь хуучныхаа хийснийг үгүйсгэдэг. 2016 онд Ташкент хотноо Монгол, Оросын, Хятадын удирдагчид уулзаж хамтран ажиллах 32 баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Эдгээр гэрээг хэрэгжүүлсэн байх ёстой. Үнэндээ тухайн үед хэн Ерөнхийлөгч байсан нь чухал биш. Тухайн үед Ц.Элбэгдорж манай төрийн тэргүүн байсан. Хамгийн гол нь төрийн ажил явагдах ёстой” гээд “Үүнд сахилга бат, хариуцлага чухал” хэмээн онцолсон билээ.


Урт хугацааны хамтын ажиллагаа буюу сайхан ирээдүй

Өнөөдөр эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол цөм нь бөгөөд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь ирээдүй баталгаатай болохын нэг үндэс. Үүнд эдийн засаг, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын үр өгөөжтэй хамтын ажиллагаа чухал бөгөөд боловсрол, эрчим хүч, тээвэр болон аялал жуулчлал ч хамаарна.

Ийнхүү Монголын эрх баригчид бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал дээр Орос туршлагатай бөгөөд хөрш Монголтойгоо ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвх зүтгэл гаргаж байгаа.  Үүнд Монголын тал илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй.

Б.Цэцэг /захиалгат нийтлэл/

 

 

Холбоотой мэдээ