Даамчид 9 сарын дараа хөлгийн ард уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-20 16:33:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 1969 аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “Депо 2020” дээд Лигийн тэмцээн энэ сарын 16-18-нд Зүтгүүрийн депогийн спорт танхимд болов.


Ийнхүү 47 дахь жилдээ зохиож буй энэ тэмцээнд нийт 124 даамчин оролцов. Хөл хорионы улмаас тэмцээн уралдаан нь завсарлаад байсан даамчид есөн сарын дараа хөлгийн ард уулзсан юм. 


Швейцар системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг /Хөвсгөл/ 15 оноо авсан амжилтаар аваргалж, ДДХМ Ц.Хашчулуун /Дебют/, Ц.Сүхбат /Монгени/ нар 14 оноогоор удааллаа. Их мастерын хувьд сүүлийн дөрвөн учраагаа дараалан хожсоноор энэхүү нэр хүндтэй тэмцээнд тав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ аж. Шагналт IV-VI байрыг ДДХДМ С.Мөнх-Оргил /Өмнөговь/, ДДХМ Г.Гэрэлболд /Энэрэл/, ОУИМ Р.Манлай /Алтан хүү/ нар эзэлжээ.



Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, СМ Б.Анужин /хоёул Алтан хүү/ Н.Лхагвадолгор /Ирээдүй/, ахмадын ангилалд СМ Т.Пүрэвдорж (/Монгени/, Д.Дорж /Энэрэл/, Я.Намхай (Дархан-Уул/, өсвөр, залуучуудын U-20 ангилалд ОУИМ Б.Мишээл /Ирээдүй/, СМ М.Лувсандорж /Хэнтий/, U-14 ангилалд ДДХДМ Б.Есүй /Сонгодог байрлал/, СМ С.Болор /Ирээдүй/, U-11 ангилалд ДМ Н.Түвшинжаргал /Ирээдүй/, I зэргийн тамирчин Б.Тамир /Сонгодог байрлал/, Депогийн тамирчдын ангилалд III зэргийн тамирчин Б.Батпүрэв, II зэргийн тамирчин Х.Гантөмөр, I зэргийн тамирчин О.Отгонбаяр нар шалгарсан байна.


Ц.Сандуузын нэрэмжит тусгай шагналаар нээлтэй ангилалд VII-VIII байр эзэлсэн СМ З.Ганбаатар /Хөлөгт тоглоом/, Б.Пүрэвбаатар /Ирээдүй/, хөдөө орон нутгийн тамирчдаас СМ П.Сурмаасүрэн /Архангай/, өсвөрийн тамирчдаас СМ Б.Баасанбар /Сонгодог байрлал/, харааны бэрхшээлтэй тамирчин П.Цагаанхүү /СБД/ нарыг шагналаа. Мөн УБТЗ-ын Татах хэсгийн дарга П.Энхмөнх спортын мастер цолны үнэмлэх, тэмдгээ гардаж авсан өсвөрийн тамирчин Б.Лхагватогтох /Ирээдүй/-ийг хувиасаа мялаасан юм.


Тэмцээний үеэр 2007 онд Монголын даамчдаас анхны өсвөр үеийн дэлхийн аварга цолыг авчирч байсан ДДХМ Г.Гэрэлболдыг “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Ц.Сандууз агсны хүү, тус тэмцээнийг олон жил ивээн тэтгэж, зохион байгуулсаар ирсан С.Намхайг БТСУХ-ны “Хүндэт тэмдэг” одонгоор шагналаа.     

Холбоотой мэдээ