Эрэгтэй шатарчид III байр эзэлж, шөвгийн 8-д шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-20 15:37:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос 10 дугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн онлайн тэмцээний эрэгтэй ангилалд гуравдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.

 

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд: Багийн ахлагч Ч.Баттүвшин

1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин

2-р ширээ Их мастер С.Билгүүн

3-р ширээ Их мастер Ц.Батчулуун

4-р ширээ Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ

Нөөц тоглогч: Олон улсын мастер Д.Батсүрэн


Монголын эрэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр 1 дүгээр ширээнд ДШХМ Г.Амартүвшин 3 дугаар байрт, 2 дугаар ширээнд ИМ С.Билгүүн 2 дугаар байрт тус тус шалгарлаа. Залуу шатарчин ДШХМ Г.Амартүвшин 1 дүгээр ширээнд багаа төлөөлөн тоглох хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлж ИМ Жумабаев Ринат, ИМ Кевин Го Вей Мин, ИМ Махсудлу Пархам нарын дэлхийн шилдэг шатарчдыг хожиж багтаа шийдвэрлэх ялалтыг авчирлаа.


Уг тэмцээний эрэгтэй ангилалд Ази тивийн 38 орны багийн нийт 190 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцар системээр 9 өрөг тоглож эхний 8-н байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж аваргуудаа тодруулах юм.


Хэсгийн тоглолт /шөвгийн 8/ 10 дугаар сарын 23-ны 14:00-17:00 цагт


Хагас шигшээ /шөвгийн 4/ 10 дугаар сарын 24-ний14:00-17:00 цагт


Шигшээ /үзүүр түрүү/ 10 дугаар сарын 25-ны 14:00-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайт дээр зохион байгуулна.

Холбоотой мэдээ