ОХУ. БНХАУ "Алтанбулаг" чөлөөт бүсийг дэмжихээ илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-23 14:53:45

Монгол-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах”, тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлт, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хангах зорилгоор “Алтанбулаг экспо-2016” олон улсын форумыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Алтанбулаг чөлөөт бүсэд зохион байгуулсан талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ, "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулжээ.

Тус форумаар  талууд санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих замаар чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, тус бүсэд тээвэр, логистикийг хөгжүүлэх, чөлөөт бүсээр дамжуулан Орос руу мах гаргах  боломж,  экспорт, импортын гаалийн татвар зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөжээ.

Түүнчлэн энэ үеэр Чөлөөт бүсээр дамжуулан татвар, тарифыг хөнгөвчлөх нь чухал гэдгийг форумд оролцогсод тодотгожээ.

500 га-гаар хэмжигдэх газартай “Алтанбулаг” чөлөөт бүс улсын төсвөөс 22 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Алтанбулаг” чөлөөт бүс 131 аж ахуйн нэгжийг бүртгээд буй аж. Үүнээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлээд байна.

 Мөн үеэр ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтаар14 мянган ам. метр талбай бүхий худалдаа, үйлчилгээний төв барих аж.  Манай улсын хувьд 3 чөлөөт бүстэй бөгөөд дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын  экспортын бараа эргэлт бүхий  70 сая хүнийг ажлын байраар хангаж буйг албаныхан дурдлаа.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ