Ширээний теннисчид гавьяат тамирчинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-06 15:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний спортоор Монгол Улсын 5 удаагийн аварга болж өнөө үеийн Монголынхоо дээд амжилтыг тогтоосон Олон улсын хэмжээний мастер Тогосын Болд гавьяат тамирчин цол хүртлээ.

 МШТХ-ны ерөнхийлөгч С.Галбадрах тэргүүтэй тус холбооны хамт олон шинэхэн гавьяатаа өчигдөр хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлсэн байна. МШТХ нь Дэлхийн Ширээний теннисний холбоонд элссэний 61, ДАШТ-д оролцсоны 59, МШТХ-ны 61 жилийн ой тохиож байгаа энэ үед Монголын ширээний теннисчид ийнхүү анхдагч гавьяат тамирчинтай болж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Болд нь өдгөө Польш улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Европт теннисний спортоор үргэлжлүүлэн хичээллэж яваа юм. Тэрбээр 1990-ээд онд Олон улсын Ширээний теннисний холбоотой МШТХ-г дахин холбож өгсөн гавьяатай тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

 

Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын 5 удаагийн аварга Т.Болдын амжилтыг эвдсэн тамирчин одоогоор төрөөгүй бөгөөд Монгол Улсын 4 удаагийн аварга болсон 5 хүн байгаа юм.  

Холбоотой мэдээ