Сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаанд Г.Ганхуяг түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-05 12:31:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд ням гараг /2020.10.04/-т зохион байгуулсан Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаанд Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүллээ.


Энэ удаагийн барилдаанд 512 бөх уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдсан бөгөөд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэсэн байна. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарлаа.

 

Барилдааны үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын санаачилгаар уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуягт гардуулсан бол уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүхэд олгов.


Мөн УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу түрүү, үзүүрт шалгарсан хоёр бөхийг бямба гарагт нээлтээ хийсэн дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийн хос урилгаар шагнасан байна.

Холбоотой мэдээ