10 мянга орчим өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-24 14:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Халамжийн газрууд, “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна.  

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу одоогоор төвийн зургаан дүүрэгт 70 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү хүргэж байгаа бөгөөд сайжруулсан түлшний 100 орчим борлуулалтын цэг ажиллаж байгаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал өнөөдөр цаг үеийн байдлын талаар хэвлэлийн хурал хийх үеэр “Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран сайжруулсан түлшний борлуулалт болон дундын баазуудад тээвэрлэлт хийж байгаа. “Тавантолгой түлш” ХХК энэ өвөл 800 орчим борлуулалтын цэг ажиллуулах мэдээлэл өгсөн. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төрийн 6000 орчим албан хаагч төвийн дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэх, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж байгаа” гэв

Холбоотой мэдээ