"Бизнес ба хүний эрх" хөтөлбөр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-24 14:31:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Бангкок дахь бүсийн төв байр, Ази Номхон далайн Бизнес ба Хүний эрхийн хөтөлбөрийн дэмжлэгээр Гадаад харилцааны яам хамтран “Бизнес ба хүний эрх” зайн сургалтыг НҮБ-ын төв байранд зохион байгууллаа.

                Гадаад хэргийн яамнаас төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор улс орныхоо онцлогт тохирсон “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Хүний эрхийг хүндэтгэдэг, байгаль орчинд хал багатай бизнесийг хөгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд ажлын хэсгээс үндэсний суурь үнэлгээ хийж байгаа. Ирэх оны гуравдугаар улиралд үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахаар төлөвлөснийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Оюу сургалтын үеэр дуулгасан.

             НҮБХХ-ын Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич сургалтыг нээж хэлэхдээ, “Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулснаар хувийн хэвшлүүд хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дагаж мөрдөх тодорхой журам, аргачлал, хууль эрх зүйн орчин бий болгох ач холбогдолтой. Энэ чиглэлд хамтарч ажиллаж байгаадаа таатай байна” гэв.

               Коронавируст цар тахлаас үүдэн дэлхий дахинд хүний эрхийн зөрчил өсөж буй энэ үед сургалт хийж байгаа нь манай улсын “Бизнес ба Хүний эрхийн үндэсний үйл ажиллагаа төлөвлөгөө”-г боловсруулах ажлын багийн гишүүд, хэрэгжүүлэх салбарын төлөөлөлд мэдлэг, мэдээлэл олгох юм. 

Холбоотой мэдээ