Иргэдэд үйлчлэх шилдэг туршлагуудыг шалгарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын
газар, Азийн сан хамтран Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж
буй “Хотын засаглалыг сайжруулах” төсөл, нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс хороодын
сайн туршлага, арга барилыг нээн, харилцан туршлага хуваалцах, хамтдаа хөгжих
боломж нөхцөлийг дэмжих “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум”-ыг
зохион байгууллаа.
Форумд нийслэлийн 171 хорооны төрийн албан хаагч, хэсгийн ахлагч оролцож байна. НЗДТГ-аас хотын засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран хороонд төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа сайн туршлагыг энэ оны дөрөвдүгээр сараас хороон дээрээ шалгаруулсан. Хоёрдугаар шат нь дүүрэгтээ, дараа нь нийслэлд сонгогдсон 27 хорооны оролцогчоос тэргүүний тавыг шалгарууллаа. Үүнд, Хан-Уул дүүргийн 20-р хорооны “Төрийн үйлчилгээ ба QR код”, Налайх дүүргийн 7-р хорооны “Аяны богц-танайд хоноё” цүнхний аян, Баянгол дүүргийн 13-р хорооны “Орцны арт”, Баянзүрх дүүргийн 5-р хорооны “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Тархиа ухъя” сайн туршлага шалгарч, иж бүрэн компьютероор шагнуулсныг форумын үеэр гардуулав.
Хан-Уул дүүргийн XX дугаар хороо 10.000 гаруй хүн амтай, дийлэнх нь залуу иргэд байдаг. Энэ үүднээс төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх зорилгоор “Төрийн үйлчилгээ ба QR код” туршлагыг эхлүүлжээ. Хорооны өрх бүрт QR код тарааснаар гар утсаа ашиглан хорооноос үзүүлдэг төрийн зургаан үйлчилгээг цаг алдалгүй авч байгааг тус хорооны засаг дарга А.Отгон-Эрдэнэ онцоллоо.
Харилцан суралцах арга зүйн форумыг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд шалгарсан сайн туршлагыг дүүрэг, нийслэлийн хэмжээнд түгээхэд НЗДТГ-аас анхаарах аж. Энэ арга зүй, туршлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хотын иргэд, албан хаагчид үр өгөөжийг нь хүртэх ач холбогдолтой.