МОНЦАМЭ агентлагийн хамт олон цусаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-21 16:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдлээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийн  явуулын баг өнөөдөр тус агентлагт ирж ажилласан юм. Явуулын баг өдөр бүр аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад очиж цус цуглуулдаг байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш дэлхий дахинд цар тахал гарснаас дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад цус цуглуулалт 11 хувь буурчээ. Энэхүү явуулын хэлбэрээр цус цуглуулах ажил 40 орчим хувиар багассан ч эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байгаа аж. 

“Дэлхийн улс орнуудад цар тахлаас шалтгаалан цус цуглуулалт буурсантай холбоотой цусны хэрэглээ нь дагаад буурсан. Манай улсын хувьд цус цуглуулалт буурсан хэрнээ цусны хэрэгцээ өнгөрсөн оныхоос  8 хувиар өссөн. Тиймээс бид илүү их хүч гаргаж ажиллах шаардлага тулгарсан. Жилийн эхний хоёр улиралд цус цуглуулалт багассан ч сайн төлөвлөж ажилласны үр дүнд зуны гурван сард төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуй нэгж, сайхан сэтгэлт иргэд, доноруудын ачаар цусны нөөц хэвийн хэмжээнд хүрсэн” хэмээн энэ үеэр ЦССҮТ-ийн Олон нийттэй харилцах менежер С.Нандинцацрал тодотгов.


Мөн тэрээр “Хоёрдугаар бүлгийн цусны нөөц багасаж байгаа. Тиймээс II бүлгийн цустай иргэд манай суурин төвүүдээр эсвэл явуулын багт цусаа өгөх боломжтой. Цусаа өгснөөр бодисын солилцоо сайжирна, зүрх судасны өвчин, зүрхний шигдээст өртөх эрсдэлийг  бууруулна, илүүдэл төмрийг зохицуулдаг учраас элэг гэмтэхээс сэргийлнэ. АНУ-д хийсэн судалгаагаар цусаа өгдөг хүмүүс цусаа өгдөггүй хүмүүсийг бодвол хорт хавдраар өвдөх эрсдэл бага байдаг гэсэн дүн гарсан. Тиймээс иргэдийг цусаа бэлэглэж хүний амь аврах үйлсэд нэгдээрэй хэмээн уриалж байна” гэв.

Цусаа хандивлаж олон хүний амь аврах сайн дурын үйлст 17-60 насны 45 кг-аас дээш жинтэй В,С вирусгүй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр нэгдэж цусны донор болох боломжтой аж. Нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амь аварна гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангана гэж үздэг.



 


Холбоотой мэдээ