Барилгын салбарынхан шилдгүүдээ тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-04 14:55:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвлөрлийг сааруулж, дагуул хот байгуулах, сумдын төвийг шинэчлэх, барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахад БХБЯ анхаарлаа хандуулж байгааг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр болсон “Барилгачдын өдөр 2020” өдөрлөгийн нээж хэлэхдээ онцоллоо.

Түүнчэн, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хот байгуулах, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр иргэд худалдан авах чадвартаа нийцсэн орон сууцтай болно. Үүнтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн барилгыг ч орхигдуулахгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажил орхигдож ирснийг ч эрчимжүүлж ажиллахаа дурдав.

“Барилгачдын хоршоо” нэрээр 1926 онд байгуулж байсан тус салбарын 94 жилийн ойг тохиолдуулан БХБЯ, Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпорац уг өдөрлөгийг зохион байгуулж, шилдэг ажилтнуудад төрийн “Алтангадас” одон, салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, оны шилдэг 10 аж ахуйн нэгжид хүндэт өргөмжлөл гардуулсан юм.

2020 оны шилдэг аж ахуйн нэгжээр барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Мак цемент” ХХК, “Говь цамхаг” ХХК, барилга байгууламжийн угсралтын чиглэлээр “Баганат өргөө” ХХК, “Монкон констракшн” ХХК, “Чинбат” ХХК, зураг төслийн чиглэлээр “Орхон конструкшн”, “Интеллект тауэр” ХХК, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр “Жунсон констракшн” ХХК, нийтийн аж ахуйн чиглэлээр “Цог өрнөх” ОНӨААТҮГ, инженер шугам сүлжээний чиглэлээр “Универсум” ХХК шалгарлаа.  

Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрөн жилд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонгос-2”, “Баянголын ам”-ны 7009 айлын түрээсийн орон сууцны төсөл, БНХАУ-ын Загийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ