ЁЗСХБХ: Төсвийн тодотголтой холбоотой хууль тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-19 18:16:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.


Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Коронавирусний халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ.


Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв.  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталсан байна. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм байна.


Төслийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэх ёстойг Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сануулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан Төрийн албаны зөвлөлийн төсөв 2019 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгдсэн талаар тодруулав.


Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариултдаа, “Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор олон талын өөрчлөлт явагдаж байна. Манай төсөв өмнөх оноос 1.5 тэрбум төгрөгөөр өссөн. Мэдээлэл технологийн шинэчлэл, цахим шилжилттэй холбоотой өссөн зардал юм. Ирэх онд тэвчиж болох зардлуудаа хасаж, төсвөө бууруулж төсөвлөсөн” хэмээв.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ