Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-17 15:36:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзалтын үеэр үйлдвэрийнхээ өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ: -“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг дүгнэж хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн үүнийг дагаад өссөн. Хамгийн гол нь бид Үндэсний баялгаа улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогоороо дүгнэж үзэж байгаа.

2016 онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол, 2019 онд энэ дүн нэг их наяд төгрөгт дөхсөн. Бусад татвар, хураамж, төлбөр зэргийг нэмж тооцвол энэ дүн 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол эрдэс баялгийн нөөц юм.

Сүүлийн гурван жилд бид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилд хийсэн. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллана. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар аль нэгэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад ямар ч өр, зээлийн төлбөргүй болсон. Ингэснээр бид ирээдүйд олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдаж болохуйц санхүү, эдийн засгийн яриа хэлэлцээрийг төр, засгийн дэмжлэгтэйгээр хийхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа” хэмээн ярьлаа.



Мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүд, болон шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өмнөх 2019 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэр 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгосон.

Энэ хүрээнд шинэ төслүүд, бүтээн байгуулалтын ажилд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байгааг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдээс, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл болон Зэсийн баяжмал боловсруулах, металлурги-химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд Төр, засгийн дэмжлэг чухал гэдгийг онцолсон.

Цаашид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын статусыг оновчтой болгох, Үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх, Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудын ашиглалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэх, “Стандарт” банктай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд төр, захиргааны байгууллагаас дэмжлэг үзүүлж, буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх болон Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлж байгаа асуудлыг эцэслэн шийдвэрлэх, зэрэг асуудлаар дэвшүүлсэн саналаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн салбарын сайддаа танилцууллаа. Тэрээр, салбарынхаа ажил байдалтай танилцаж, үйлдвэр, газруудаар явж, уурхайчдынхаа санал бодлыг сонсож яваа сайдад Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн томоохон төслүүд тусгагдсан


 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг танилцууллаа. Нийт есөн дэд зорилтын хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйтэй шууд холбоотой төсөл хөтөлбөр гэлээ. Тодруулбал,  Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд багтаж байгаа аж. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх” гэсэн хоёр төсөл байгааг онцоллоо.

 

Холбоотой мэдээ