Шатахууны үнэ гурван сар тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-12 14:11:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээллээр Аи-92 автобензины үнэ баруун бүсэд литр нь 1640 төгрөг, төвийн бүсэд 1520 төгрөг, зүүн бүсэд 1570 төгрөг, Улаанбаатар хотод 1450 төгрөг байна. 

Дизелийн түлш баруун бүсэд литр нь 2054 төгрөг, төвийн бүсэд 2153 төгрөг, зүүн бүсэд 2193 төгрөг, Улаанбаатар хотод 2090 төгрөг байна. 

Аи-92 автобензин энэ оны 1-2 дугаар сард литр тутамд 1835 төгрөг, 3 дугаар сард 1790 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл энэ оны 5 дугаар сараас литр нь 1400 төгрөг болж энэ үнэ 7 дугаар сар хүртэл хадгалагдаж ирэв. Харин 8 дугаар сарын 4-нөөс шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж нийслэлд ШТС-ууд 1450 төгрөгөөр борлуулж байна 


2016-2020 онд Аи-92 автобензины үнэ 1 тонн тутамд 495-705 ам.долларын хооронд хэлбэлзаж ирэв. ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа шатахууны хилийн үнийг өсөлт бууралтыг харьцуулбал:

  • 2018 оны 12 дугаар сарын 7-нд Аи-92 авто бензин 100 төгрөгөөр, 
  • 2018 оны 12 дугаар сарын 22-нд Аи-92 автобензин 45-50 төгрөгөөр, 
  • 2019 оны нэгдүгээр сарын 15-нд А-80 болон Аи-92 автобензин 100 төгрөгөөр тус тус буурчээ.

Харин энэ оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд дэлхийн зах зээл дэх брент тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Аи-92 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн ч тухайн сардаа буцаад 100 төгрөгөөр буурч, литр тутамд 1830 төгрөгт шатахууны үнийг тогтвортой барьж байв.


Шатахууны үнэ литр нь 1450-1470 төгрөг болж нэмэгдсэнийг ам.долларын ханш өсөж буй валютын ханшны зөрөөнөөс үүдэн алдагдал хүлээж болзошгүй байдал үүссэнтэй холбоотой хэмээн шатахууны импортлогч зарим ААН тайлбарлаж байна.



Дэлхийн зах зээл дээр хилийн үнэ буусантай холбоотойгоор 2020 оны 3 дугаар сарын 18-нд шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр буурч байсан бол мөн шалтгаанаар 4 дүгээр сарын 13-15-нд Аи-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр буурч дунджаар 1470 төгрөг болов. 

Энэ нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 онд хэрэглэгчдэд очиж байсан шатахууны үнэтэй дүйцэж байв. Энэ нь шатахууны нийлүүлэлтийн үнийн талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын хамтын ойлголцол, харилцан зөвшилцлийн үр дүн байв. 


Харин энэ 8 дугаар сарын эхнээс шатахууны үнэ Аи-92 автобензин литр нь 1450-1470 төгрөг болж нэмэгдсэнийг нийлүүлэгч ОХУ-аас сар бүр ирүүлдэг хилийн үнийн хэлбэлзэл гэхээс илүү ам.долларын ханш өсөж буй валютын ханшны зөрөөнөөс үүдэн алдагдал хүлээж болзошгүй байдал үүссэнтэй холбоотой хэмээн шатахууны импортлогч зарим ААН тайлбарлаж байна. 




Холбоотой мэдээ