Цахим сургалтын нэг флатформ хөгжүүлж эрх зүйн орчин бий болгохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-11 16:31:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал үг хэлэхдээ, “Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг аюулт цар тахал биднийг айдаст түгшүүрт автуулж байгаа ч XXI зууны хөгжлийн чиг хандлагыг мөн тодорхойлж байна. Хөгжлийн шинэ чиг хандлага руу эргэлт буцалтгүй хөтөлж буй цар тахлын үед цахим сургалтыг зөв зохистой нэвтрүүлж чадвал боловсролын хүртээмжийг нэмж, алслагдсан бүс нутгууд дахь боловсролын чанарыг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Инновац, цахим бодлогын байнгын хороо цахим сургалтын үр нөлөөг сайжруулах, эрх зүйн орчны тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана” хэмээв. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд хичээлийн  хөтөлбөрийн тодорхой хувийг танхимаар, үлдсэн хувийг зайнаас буюу цахим хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулж буйг тэмдэглэсэн юм.



Хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Дээд боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал ба боломжууд”, “Санхүү эдийн засгийн их сургууль болон ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд нэвтрүүлсэн Системийн танилцуулга” сэдвээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавив.


БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал” сэдэвт илтгэлдээ цар тахалтай холбоотойгоор заавал танхимаар суралцахгүйгээр өөр олон нээлттэй хувилбарыг сонгох шаардлага үүссэн учир эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд одоо байгаа систем, технологиуд дээр суурилан сургалтын чанар, үйл явц, багшийн хөгжлийг дэмждэг дижитал шилжилт рүү орох бүрэн боломжтойг хөндлөө.



Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сэргэлэн нар оролцож, саналаа хэлэн, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Өнгөрсөн хагас жилийн хугацааны теле хичээлийн үр дүнг юуны түрүүнд үнэлэх шаардлагатай. Хөдөө орон нутгийн, нийслэлийн гэр хорооллын интернетэд холбогдоогүй хэсэгт амьдардаг хүүхдэд теле хичээл тэгш хүртээмжтэй, чанартай хүрсэн эсэх асуудал бий. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд танхимын бус сургалтын стандартыг маш нарийн тогтоож, нэвтрүүлэх, эрх зүйн орчин бий болгох шаардлагатай” хэмээлээ.


Хэлэлцүүлгийн сэдэв болон илтгэлтэй холбогдуулан оролцогчид саналаа хэлэв. Тэд цахим сургалтын нэг флатформ хөгжүүлж, хэрэглэх, цахим сургалтын эрх зүйн орчин бий болгохыг санал нэгтэй дэмжиж байлаа.



УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, “Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн. Их, дээд сургуулиудад энэ нь шинэ зүйл биш бол ерөнхий боловсролын сургуулиудын хувьд шинэ тутам юм. Ерөнхий боловсролын 23, 84 зэрэг цөөхөн сургууль мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн компаниудын тусламжтайгаар цахим сургалт нэвтрүүлж, сурагчдаа бүртгэдэг, хичээлээ явуулдаг болсон. Алслагдсан дүүрэг, аймаг орон нутагт бэрхшээлтэй. Телевизээр заасан хичээл үр дүнтэй эсэхийг төдийлөн хэмжих боломжгүй.  Харин цахим сургалтыг дүгнэж, үнэлж болно. Даалгаврыг засаж, үнэлгээ өгч, давтлага хэлбэрээр уулзаж, видео хичээл байрлуулж болох жишээтэй. Өнгөрсөн хугацаанд бид Боловсролын тухай хуульдаа цахим сургалт, цахим боловсрол гэж юу вэ гэдгийг зааж өгөөгүй. Одоо харин яаралтай хуульчилж өгөх ёстой болсон. Цахим сургалт гэж юуг хэлэх вэ, ойлголтоо нэгтгэе. Их, дээд сургуулиудад цахим сургалт явуулах тодорхой эрх олгож, цахим сургалтын хөтөлбөр боловсруулж, магадлан итгэмжлэх хэрэгтэй.  Ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд нэг флатформд шилжиж, тухайлбал математик, монгол хэлний хичээлийг байршуулахад аль ч сургуулийн ямар ч ангийн сурагч  кодоо хийгээд нэвтрэхэд тухайн хичээлийг судалж, хамрагдах, шалгалтаа өгөх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Салбарын яамтай эдгээр асуудлаар ярилцсан" хэмээсэн юм. 



 УИХ-д Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан энэ үед эхний том ажил цар тахалтай холбоотойгоор Байнгын хорооны тогтоол гаргаж, цахим сургалтын эрх зүйн орчны тогтолцоотой болох, Төрийн цахим харилцааны тухай хууль, Мэдээллийн өгөгдөл хамгаалах тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг гаргах шаардлагатайг тэрээр онцолсон. Мөн одоо байгаа хуульд дагалдах өөрчлөлтийг оруулах, мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цахим хичээл заах багшийн арга зүйг нэвтрүүлэх зэрэг ажлыг  шат дараатай хийх, ингэхдээ Засгийн газартай хамтран  бодит үр дүнд хүрнэ хэмээн тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ