Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-08-11 09:59:37
Хэнтий /МОНЦАМЭ/. "Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганаас гарсан санаачлагын дагуу Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборууд баригдаж байна.
Тодруулбал, Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажил өрнөж байгаа юм.
Мөн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхлээд байна.
Албаны эх сурвалжийн мэдээллээр сүүлийн 30 шахам жил тусгагдаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хоёр жилд Хэнтий аймагт өрнөж байгаа бөгөөд тэр дундаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болж буй томоохон цогцолборуудыг Монгол улсад урдаа барьдаг инженер, архитекторуудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа аж.
Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг цогцолборуудын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бол автомашины зогсоол, талбай, ногоон байгууламж, үйлчилгээний зориулалтаар баригдах бусад бүтээн байгуулалтын ажлыг хандиваар босгох юм байна.
Холбоотой мэдээ