Беларуст болох цахим үзэсгэлэнд монголчуудыг урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-05 18:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус улсад болох цахим үзэсгэлэнд манай улсын компани, ААН-үүдийг урьсан урилгыг МҮХАҮТ-д ирүүлжээ. 

Тодруулбал, дээрх улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх "Белинтерэкспо" ХХК Беларусын үндэсний үйлдвэр эрхлэгчдийн "Беларуст үйлдвэрлэв" анхны цахим үзэсгэлэнг энэ оны 8 дугаар сарын 16-20-нд зохион байгуулах гэж буйг мэдэгдээд, Монголын ААН, компаниудыг өргөнөөр оролцохыг урьсныг МҮХАҮТ дотоодын ААН-үүдэд уламжилжээ. Уг үзэсгэлэнд оролцсноор бизнес харилцаа тогтоон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой аж. 


Үзэсгэлэнд Беларусын 30 гаруй аж ахуйн нэгж, ХАА болон хүнсний чиглэлээр оролцох юм.  "Agro" павилоноос ХАА-н тоног төхөөрөмжүүдийг үзэх боломжтой бол "Food" павилоноос хүнсний бүтээгдэхүүний шинэ сав баглаа боодол, шинэ бүтээгдэхүүн, мах болон сүүн бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой аж.

Уг үзэсгэлэнг сонирхсон Монголын талын мэргэжлийн ажил хэрэг өрнүүлэх сонирхолтой ААН болон хувь хүмүүсийг МҮХАҮТ бүртгэж байна.



Холбоотой мэдээ