АНУ-д коронавирусний халдвар өмнөд нутаг руу шилжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-29 09:14:53

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдварын тархалт намжихгүй байгаа бөгөөд өдөр бүр 40 мянга гаруй хүн халдвар авч байна. Бямба гарагт “Covid-19”-өөр өвчилсөн хүний тоо 2.5 сая давсан бол 128 мянга орчим хүн нас баржээ.


Коронавирусний халдварын голомт Нью-Йоркоос тус улсын өмнөд болон баруун нутаг руу шилжжээ. Флорида, Техас муж улсуудад бямба гарагт өвчлөлийн үзүүлэлт шинэчлэгдэж, ялангуяа Флоридад халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна.


Халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа нь бүс нутгууд хязгаарлалтыг эрт цуцалж, иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гэж АНУ-ын ерөнхий эпидемилогич Энтони Фаучи мэдэгдэв. 


Техас, Флорида муж улсуудад шөнийн цэнгээний газруудыг дахин хаасан байна. Майами хотын дарга Фрэнсис Саурес гэрээсээ гарахыг хориглож, хорио цээрийн хатуу дэглэм тогтоож магадгүйг үгүйсгэхгүй байна. Техас муж улсын захирагч тус мужид коронавирусний халдварын тархалт хурдацтай тархаж, байдал хүндэрч байгааг мэдэгджээ.


АНУ-ын зүүн хойд нутагт орших Нью-Йорк, Нью-Жерси болон Коннектикут муж улс халдварт өвчний байдал хүнд байгаа есөн муж улсаас ирж буй хүмүүсийг 14 хоног заавал тусгаарлах журам нэвтрүүлсэн байна. Гэхдээ эдгээр есөн муж улсын ердөө нэг нь л өмнөд нутгийнх аж.


Цагаан ордонд коронавирустэй тэмцэх ажлыг хариуцаж буй дэд ерөнхийлөгч Майк Пенс Флорида, Аризона муж улсуудад явуулах Бүгд Найрамдах намын сонгуулийн өмнөх кампанит ажлыг хойшлуулжээ.


Холбоотой мэдээ