ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-06-15 09:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болж байна.


Ингэхдээ Боловсролын Үнэлгээний төвийн цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм.


ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа. 2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-наас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байр бэлдэж байгааг албаныхан мэдээлсэн билээ.

Шалгалтын дүн гарснаар

·     Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.

Орон нутгийн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагч ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.


Холбоотой мэдээ