Хүүхдүүдийн тусгаарлах байрны зардлыг орон нутгаас хариуцахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор
/МОНЦАМЭ/. Энэтхэг
улсад суралцаж буй Баянхонгор аймгийн 70 гаруй хүүхэд энэ сарын 12-нд тусгай үүргийн нислэгээр эх
орондоо ирэх гэж байна. Тэгвэл 21 хүүхдийн тусгаарлах байрны зардал болох 22
сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргах шийдвэрийг Баянхонгор аймгийн
Засаг дарга гаргажээ.
"Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний халдварын энэ хэцүү цаг үед нутаг орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг эх оронд авчрахад үнэтэй хувь нэмэр оруулж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн удирдлагуудад хийдийн зүгээс талархал илэрхийлье" хэмээн Баянхонгор аймгийн Гон Гандан Дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал ярив. Тусгаарлах байрны зардлыг шийдэж өгсөнд хүүхдүүдийн эцэг эхчүүд мөн баярлаж, талархаж байгаагаа илэрхийллээ.
А.Золжаргал:
Би гурван хүүхэдтэй. Өөрөө бөөрний дутагдал гэсэн
оноштойгоор байнгын эмчилгээнд байдаг. Нэг хүүгээ Энэтхэг улс руу шашны
сургуульд явуулсан. Энэ жил сургуулиа төгсөх хүү маань тусгай нислэгээр эх
орондоо ирэхээр болсонд эх хүний хувьд сэтгэл тэнүүн сууж байна. Биеийн байдлын
улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг болохоор алс холоос ирэх гэж буй
хүүгийнхээ онгоцны тийзийн мөнгийг олох гэж таньдаг хүнийхээ автомашиныг
барьцаанд тавиулж зээл авахуулсан. Монголд ирээд тусгаарлагдах байрны зардал
хүч мөхөсдөж сандарч явахад минь аймгийн Засаг дарга Г.Батжаргал тусалсанд баярлахын
ихээр баярлаж байна. Тусгаарлах байрны зардлыг даруй шийдэхгүй бол онгоцны
нислэгт багтаж чадахгүйд хүрээд байсан юм. Аймгийн удирдлагадаа хүнээ гэсэн
сэтгэлтэй, иргэдээ гэсэн зүтгэлтэй байгаад баяр хүргэж, улам их амжилт хүсье.
Ц.Мөнхзул
Миний хувьд Баянцагаан сумынх, гурван хүүхэдтэй. Энэ аюулт тахал дэлхийн улс орнуудад тархаад байгаа энэ цаг үед гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авчирч байгаад баяртай байна. Өрхийн орлого муутай манай гэр бүлийн хувьд тусгаарлах байрны зардлыг орон нутгаас шийдэж өгсөнд маш өндөр сэтгэгдэлтэй байна.
Р.Амартүвшин
Манайх ам бүл 4. Шүр сувс зэргээр жижиг гар урлал хийж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ковидын цар тахлаас болж ажил үйлчилгээ зогсонги байдалд ороод буй энэ үед хүүгээ Энэтхэг улсаас эх орондоо ирэх зардлыг олоход хүндрэл учирсан. Тиймээс аймгийн Засаг даргад хандан зорчих тасалбарын зардалд дэмжлэг үзүүлээч гэх хүсэлт тавьсан бөгөөд тэр даруй нь нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгсөнд баярлаж, талархаж байна.