Ц.Баатархүү: Эдийн засгийн өсөлт цаасанд бус өрх бүрт тусдаг тогтолцоог бүрдүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-02 13:22:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардан авлаа.  


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын сонгуулийн 29 тойрогт нэр дэвшүүлэхээр тодруулсан 76 нэр дэвшигчийг СЕХ-ноос батламжилжээ. Тэдгээр нэр дэвшигчдийг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав нар үнэмлэхийг нь СЕХ-ноос хүлээн авав. 


Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, "Ардчилсан нам эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр биш, иргэн, өрх бүрт тэгш тусдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр "Өсөлтийг өрх бүрд" гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол хүсэл мөрөөдлийн жагсаалт биш. Эрдэмтэн судлаачдын олон удаагийн судалгаагаа, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэсэн, сонгуулийн болон аудитын байгууллагад хянагдсан, Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хүсэл тэмүүлэл шингэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Ардчилсан нам энэ сонгуульд хуулийг хүндэлж, биелүүлэхийг нийт нам, нэр дэвшигчдэдээ уриалж байна. Сонгууль бол улс төрийн нам, нэр дэвшигчдийн бие биенийгээ харлуулах явдал биш. Бодлогоор, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалъя" хэмээв. 


Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрогт дэвшүүлж буй  76 хүний 71.4 хувь нь сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй, 50 орчим хувь нь залуус байгаа гэдгийг  АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав онцолсон. Тэрбээр, "Ардчилсан нам өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг олгосон. Малчдад малыг нь, иргэддээ орон сууцыг нь, газрыг нь өмчлүүлж байсан. Гадаад улсад явах пасспорттой болгох амлалтаа биелүүлж байсан юм. Эдийн засгийн эрх чөлөө өнөөдөр хүн бүрт байгаа хэдий ч иргэн, өрх бүр энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Ардчилсан нам энэ боломжийг олгоно" гэв. 

Холбоотой мэдээ