“Өөрийгөө ялах Дархан Марафон-2016” бүх нийтийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:30:17

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “Оюунлаг, Спортлог Дарханчууд” уриан дор аймгийн ЗДТГ, “Шри Чинмойн марафон баг”, аймгийн Биеийн тамир, Спортын газар хамтарч “Өөрийгөө ялах Дархан Марафон-2016” гүйлтийн тэмцээн наймны ням гарагт Дархан хотын төв “Дархан-50” цогцолборт болов.

Уг марафоны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар оролцож Дарханчуудыг оюунлаг, спортлогоор нэг өдрийг идэвхтэй амралт хэлбэрээр үр дүнтэй өнгөрөөхийг хүсэн ерөөж энэхүү марафоныг цаашид улам өргөжүүлж олон улсын шинж чанартай болгон зохион байгуулдаг болно гэлээ. Энэ удаагийн марафонд Дарханчуудаас гадна Сэлэнгэ, Орхон аймгаас гүйлтийн тэмцээнд оролцохоор төлөөллүүд ирсэн байлаа. Марафоныг зохион байгуулах комиссын мэдээлснээр нас насны ангилалд бүртгүүлсэн нийт оролцогчдын тоо 1700 гаруй боллоо гэж зарлав. Нээлтийн ажиллагаанд тус аймгийн бүх сумдын төлөөлөл болон Дархан хотын бүх аж ахуйн нэгж байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд байгууллагынхаа тугаа барин жагсаж оролцлоо.

Марафон нь нас насны ангиллаар 5 км-т уралдсан бол мэргэжлийн тамирчид нь 21 км-т уралдаж тэргүүн байр эзлэсэн тамирчдад шагнал гардууллаа.

                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ