Гурван театрын хамтарсан цахим тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-22 21:47:57

Төв /МОНЦАМЭ/  Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ цаг үед анх удаа гурван аймгийн театрууд хамтран цахим тоглолтыг зохион байгуулж өөр өөрсдийн уран бүтээлээ сорчлон үзэгч түмэндээ хүргэх гэж байна.

Тодруулбал Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн Монгол туургатан театр,  Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр 19:00 цагаас цахим тоглолтоо зохион байгуулна. 

Энэхүү тоглолтыг Монгол туургатан театрын тайзнаас аймгийн Төв телевизээр болон гурван театрын цахим сувгуудаар шууд дамжуулан үзэгчдэдээ толилуулна.

Төв аймгийн Монгол туургатан театрын дарга Д.Мөнхбат хэлэхдээ  “Монгол туургатан театр”-аас орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үндсэн зорилт болон соёл урлагийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүрээнд өөрийн цахим хуудсаар болон аймгийн “Төв" телевизтэй хамтран цахим тоглолт зохион байгуулсаар байгаа билээ. Хөл хорио тогтоосон энэ хугацаанд театрын уран бүтээлчид нийт 8 удаагийн цахим тоглолт зохион байгуулж үзэгч олондоо хүргэсэн байна. Цаашдаа ч энэхүү цахим тоглолтоо хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа гэв. 

Уг тоглолтод гурван театрын залуу уран бүтээлчидээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд урилгаар оролцох аж.

Холбоотой мэдээ