Товлолт вакцинд 1500 гаруй хүүхэд хамрагджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-20 09:48:32

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг товлолын вакцин хийж байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 9 сар, хоёр настай 1500 гаруй хүүхэд вакцинд хамрагджээ.

Харин улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинаар 5-18 насны 18706 хүүхдийг дархлаажуулах судалгаа гарчээ. Өнгөрсөн онд дээрх хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Завхан аймгийн хувьд дархлаажуулалтыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 161 дүгээр захирамжаар байгуулан сум, аймгийн ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төвүүд, эцэг эхчүүд хамтран ажиллажээ. Эмч, сувилагч нар аймгийн хэмжээнд 24 сумын 30 сургууль, 40 цэцэрлэгт очиж хүүхдүүдэд вакциныг нь хийсэн байгаа. Вакцин хийхдээ эцэг эхчүүдийн зөвшөөрлийг авч хийсэн бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдийг өрхийн эмнэлэгт очиж  вакциныг нь хийлгэсэн. Ингэснээр дээрх нэмэлт вакцинд хамрагдах хүүхдүүд бүрэн хамрагдсан байгаа. Харин энэ жил улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакциныг одоогоор хийгээгүй байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Улаан бурхан өвчнөөр бага насны хүүхдүүд, жирэмсэн

эхчүүд өвчлөх эрсдэлтэй байдаг

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

Мөн энэ өвчнөөс үүдэлтэй хүнд хэлбэрийн хүндрэлүүд таваас доош болон 30-аас дээш насны иргэдийн дунд хамгийн элбэг тохиолддог. Улаанбурхан өвчний эсрэг дархлаа тогтоогүй бүх иргэн халдвар авах боломжтой. Тэгвэл улаанбурхан өвчин хэрхэн халдварлах вэ гэвэл халдвар тээгч ханиах, найтаах үед, мөн түүнтэй аливаа байдлаар ойртож хүрэх, хамар болон амны хөндийн халдвартай шүүрэл /нус, цэр/ хүрэлцэх зэргээс халдварлана. Мөн өвчний вирус агаар болон халдвар үүссэн гадаргууд хоёр цаг хүртэлх хугацааны турш идэвхтэй буюу халдвар үүсгэх чадвартай байдаг байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ гэвэл өндөр халуурах. Энэ нь вирус халдсанаас 10-12 өдрийн дараа эхэлж, дөрвөөс долоо хоног үргэлжилнэ. Үүний дараа биеэр, ихэвчлэн нүүр, хүзүүний дээд хэсгээр тууралт гарна. Тууралт гарснаас хойш гурав хоногийн дотор нэмэгдэж, гар, хөлөөр тархана. Тууралт нь таваас зургаа хоноод бүдгэрдэг. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг, эх та бүхэн дархлаажуулалтад хүүхдүүдээ  идэвхтэй, хамруулах хэрэгтэй хэмээн аймгийн ЭМГ-аас нэмж дуулгав.

Холбоотой мэдээ