5,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт 5 тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.
Түүнчлэн БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 шоо метр талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжив.