Түймрийг унтраахаар 80 шахам хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-30 10:11:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвөөс баруун хойд зүгт 42 км зайд “Ямаат” хоёрдугаар багийн “Хашаат” гэдэг газар ойн түймэр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:50 цагт гарч, 13 га газрыг хамран тархжээ. Тухайн өдрийн 23:50 цагт түймрийг цурманд оруулсан бол цурмыг цэвэрлэх, хөвд, модны үндсэнд шатлаг явагдаж байгааг унтраахаар ажиллаж байна.

Тухайн нөхцөл байдалд нийт 79 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын газрын 24 алба хаагч, хоёр техник хэрэгсэл, Цагдаагийн газрын гурван алба хаагч, нэг техник хэрэгсэл, сумын ЗДТГ-ын 35 ажилтан, алба хаагч хоёр техник хэрэгсэл, орон нутгийн 20 иргэн 20 техниктэй ажиллаж байгаа юм.

Хаврын хуурайшилт эхэлсэн энэ үед нийт ард иргэдийг анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины галыг ил задгай хаяхгүй байх, бүрэн унтраах, цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ