Аймаг орлогын төлөвлөгөөг 116.4 хувиар биелүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-20 11:25:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны эхний 3 сард аймгийн төсөвт 6188.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 7201.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 116.4 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1410.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2423.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 171.8 хувиар  биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум давуулан биелүүлж, Чулуут, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Батцэнгэл сум төсвийн орлогын төлөвлөгөөг 2.1-3.5 дахин давуулан биелүүлсэн байна.       

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр, ус рашаан ашигласны төлбөр, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 100.0 хувиас 9.5 дахин биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 66.3 хувийг тусламжийн орлогоор, 25.6 хувийг орлогын албан татвараар, 0.9 хувийг өмчийн татвараар, 0.7 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХ-ийн/, 2.1 хувийг бусад албан татвараар, 4.1 хувийг татварын бус орлогоор, 0.2 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуйн нэгжийн орлогын татвараар 75.4 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 287.9 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 4.2 сая төгрөг бүгд 367.6 сая төгрөгийг шилжүүлжээ.

Холбоотой мэдээ