Хонины арьсаар хийсэн илгэн дээл

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-17 14:36:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах үндэсний дээлийг төрөл бүрийн эдээр хүний биеийн хэмжээ, нүүр царайныхаа өнгө зэрэгт тохируулан олон төрлийн хээ угалз гарган урладаг онцлогтой байдаг.

Харин нэхий дээлийг хонь, ямаа, булга, аргаль зэрэг ан амьтны арьс, нэхийгээр хийдэг. Хонины нэхий дээлийг зун, намрын ахар нэхий дээл гэж ангилна. Эрт дээр үеэс зуны эх, дунд сарын нэхийг илэг болгон элдэж боловсруулан илгэн дээл хийдэг байжээ. Хонины нэхийг идээлж үсийг нь гуужуулаад илэг гаргаж авна. Илгээр дулааны улиралд өмсөх дээл хийдэг бөгөөд үүнийг “илгэн дээл” буюу казахаар “жаргах тон” гэж нэрлэдэг.

Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах Музейд байдаг энэхүү илгэн дээл нь ХХ зууны эхэн үед бүтээсэн маш уран хийцтэй. 1960 онд тус аймгийн Алтай сумаас бэлэг дурсгалын замаар цуглуулсан, музейн дахин давтагдашгүй үнэт үзмэрүүдийн нэг.

Уг дээлийг хонины арьсыг зөөлөртөл нь элдэн, гадна талыг шар өнгийн “Рауан” хэмээх модны будгаар будаж энгэр, хормой болон ханцуйн хэсгийг маш нарийн уран хийцээр хатгаж оёсон байна. Мөн ханцуй болон хормойн хэсгийг хурганы арьсаар эмжээрлэж, захыг нь үнэгний годоор хийж гоёсон ажээ. 

Холбоотой мэдээ