Цугларсан хандивыг Онцгой комиссын гишүүдийн саналаар зарцуулж байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-17 17:08:29

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын ахмадууд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хаваржилтын хүндрэлийг даван туулахад зориулж аймгийн Онцгой комисст хандив өгчээ.

Ахмадуудын цуглуулсан хандивыг аймгийн Ахмадын хорооны дарга Т.Пүрэвжаргал Завхан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханд гардуулан өгчээ. Хандивын аянд 18 сумын 1111 ахмад оролцож, 7.9 сая төгрөгийг цуглуулжээ. Ахмадууд сайн дураараа хандив цуглуулсан бөгөөд Завхан аймгаас албан ёсоор хандивын аяныг зохион байгуулаагүй байна. Энэ жил аймгийн 9 суманд өвөлжилт, хаваржилт хүндхэн байгаа бөгөөд малчдад өвс тэжээл хүргэх шатахуун, цасанд боогдсон зам давааг нээхэд багагүй хөрөнгө зарцуулаад байгаа. Мөн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн, байгууллагууд сайн дураараа хандив өргөсөөр байгаа нь сайшаалтай.

Өнөөдрийн байдлаар аймгийн Онцгой комисст 2.600.000 төгрөг, сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвд 2.415.000 төгрөг, ХӨСҮТ-д 600 мянган төгрөг, 2.309.000 төгрөгийн үнэ бүхий эд материалыг Завхан аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тус тус хандивлажээ. Тухайлбал уул уурхайн "Баян-Айраг эксплорэйшин” ХХК 15800.0 мянган төгрөг, Төрийн банк 100.0 мянган төгрөг, ХААН банк 1000.0 мянган төгрөг, "Туна далай" ХХК 3000.0 мянган төгрөг, "Уулс дөл" ХХК 1000.0 мянган төгрөг, "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-ийн ажилчид 2405.6 мянган төгрөг, Шүүхийн тамгын газар 1480.0  мянган төгрөг, Доной нисэх буудал 1000.0 мянган төгрөг, “Тотал дистрибюшин” ХХК-ийн Завхан салбар 1000.0 мянган төгрөгийн шатахууны эрхийг тус тус хандивлажээ.

Эдгээр хандивыг аймгийн Онцгой байдлын газрын дансанд төвлөрүүлж байгаа. Мөн аймгийн онцгой комиссын 31 гишүүний шийдвэрээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөх, хаваржилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлэх, Онцгой байдлын техникийн бэлэн байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулж байна.

Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байгаа. Мөн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж сэтгэлийн дэм болгож аймгийн Онцгой комисст хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, хамт олонд талархал илэрхийлье хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ