Нэг тэрбум долларын зээлийн шугамыг нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-04-29 11:34:26

ШИНЭ-ДЕЛИ. /business-standard/. Энэтхэгийн гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд В.К. Сингх болон Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ өчигдөр болж, Энэтхэгээс Монголд олгох нэг тэрбум долларын зээлийн шугамыг нээлээ.

Мөн хоёр улс ял шийтгүүлсэн иргэдийг харилцан солилцохоор тохиролцсон байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Энэтхэг болон Монгол нэг тэрбум долларын зээлийн шугам нээх болон хоригдлуудыг солилцох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Өчигдөр болсон хэлэлцээнд Төрийн сайд В.К. Сингх Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг төлөөлөн оролцжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшинг нэг шатаар ахиулсантай холбоотойгоор хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгт айлчилж байна. Модигийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэн ахиулж, чухал хэлэлцээрүүд, тухайлбал, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүд байгуулсан. Түүнээс гадна, Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Сумитра Махаян энэ сарын эхээр Монголд айлчилсан. Энэ айлчлал нь парламент хоорондын солилцоог бэхжүүлэхэд хувь нэмэр болж, Энэтхэг, Монголын иргэдийг холбодог оюун санаа, соёлын үндэс сууринд тулгуурласан хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлж, ардчиллын нийтлэг байдлыг тодотгон харуулсан юм" гэж дурджээ.

Пүрэв гарагийн өглөө Монголын сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Локеш Чандра, “Индира Ганди” Үндэсний урлагийн төвийн эрдэм шинжилгээний зөвлөх асан Мансура Хайдер нарыг Монголын төрийн дээд шагнал болох Алтангадас одонгоор шагнасныг гардуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрд гарсан энэ хоёр эрдэмтнийг Алтангадас одонгоор шагнасан бөгөөд Энэтхэгт хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр энэхүү шагналыг гардуулж байгаадаа баяртай байна гэж сайд Л.Пүрэвсүрэн хэлээд "Энэтхэг бол Монголын оюун санааны хөрш юм" гэж онцлон дурджээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ