Хяналтын есөн цэгийг үргэлжлүүлэн ажиллуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-15 23:33:26

Завхан /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын зорчих хөдөлгөөнийг нээхтэй холбоотой шийдвэрийн дагуу Завханы Онцгой комисс өнөөдөр хуралдаж аймгийн хэмжээнд ажиллаж буй хяналтын цэгийг буулгах тухай шийдвэр гаргалаа.

Зорчих хөдөлгөөнийг хаасантай холбоотой Завхан аймгийн хэмжээнд ажиллаж буй 106 хяналтын цэгээс 97 хяналтын цэгийг буулгахаар болов. Харин Их-Уул, Тэлмэн, Сонгино, Отгон, Ургамал, Сархайрхан, Улиастай сумын гурав, нийт 9 хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ.

Сум бүрд сумдын Засаг дарга нараар ахлуулсан “Хяналтын баг” ажиллаж, орох гарах хөдөлгөөнд үргэлжлүүлэн хяналт тавина. Хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнээр “Угтах-Зөвлөх” үйлчилгээг эхлүүлнэ. Нисэх онгоц, нийтийн тээврээр ирж буй иргэдийг аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн тээврийн хэрэгслээр ирж буй иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан иргэдээс асуумж авч, халуун хэмжих, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ.

Гаднаас орж ирж буй иргэдийг хяналтад авах, үнэн зөв асуумж бөглүүлэхэд хариуцлагыг илүү чангатган ажиллахыг хариуцсан мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Мөн Улаанбаатар хот болон гадны аймгуудаас ирж буй иргэн бүрээс асуумж авч бөглүүлж, хяналтад авах гэхчлэн шийдвэрүүдийг тус тус гаргажээ.

Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зорчих хөдөлгөөнийг хаагаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр улсын Онцгой комиссоос зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цагаас нээхээр болсонтой холбогдуулан аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт нээхээр болов. 

Холбоотой мэдээ