Хөрөнгө орлогоо 41.685 албан тушаалтан мэдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-17 17:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хугацаа өчигдөр, 2 дугаар сарын 15-наар дуусаж, улсын хэмжээнд төрийн нийт 110 байгууллагын 41.685 албан тушаалтан хамрагдаж мэдүүлгээ бүртгүүлэн баталгаажуулаад байна.  

Үүнээс цахимаар 37 527, цаасаар 4158 мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулжээ. Харин 1 мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.  

Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтан байгаа юм. Үүнээс албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс дээрх тооны албан тушаалтан бүрэн мэдүүлсэн байна. 

2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан нийт албан тушаалтны тоо өмнөх оноос 304-өөр нэмэгджээ. Энэ нь Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, ШШГЕГ, ОБЕГ-ын зарим албан хаагчдын ангилал, зэрэглэл өөрчлөгдөж мэдүүлэг гаргах жагсаалтад орсон, мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар Засгийн газрын тогтоолоор төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбоотой аж.  


Одоо Авлигын эсрэг хуульд заасны дагуу 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд нь тайлан мэдээгээ албажуулж АТГ-т ирүүлж, 3 дугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээг гаргах аж. Түүнчлэн мөн хуулийн дагуу энэ оны 2 дугаар улиралд багтаан албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах болно гэж АТГ-аас өнөөдөр мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн 1, Монголбанкны дэд ерөнхийлөгч 1, Ерөнхий консул 1, Ерөнхийлөгчийн зөвлөх 1, ШӨХТГ-ын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна. 


Холбоотой мэдээ