Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургууль боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-17 10:43:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханд эрүүл мэндийн салбарынхан амралтын өдрүүдэд ажиллаж, болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч байна.

Энэ удаад "ГОС ХОТ" Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах талаар үзүүлэх сургууль зохион байгууллаа.

Цаг үеийн байдлаас үүдэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлээр нийт тасаг, албадын эмч мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан юм.

Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй хүнд сэжигтэй тохиолдол илэрсэн үед анхан шатны асуумж, халуун хэмжих, өөрт нь хэрхэн тайлбарлаж хэлэх, тусгаарлах өрөөнд оруулах зэрэг тусламжийг үзүүлсэн.

Нөгөөтэйгүүр эмч, эмнэлгийн ажилтан өөрсдийгөө хэрхэн хамгаалах, хувцас хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлах, тусгаарлалтын өрөөнд зөвшөөрөгдсөн эмнэлгийн ажилтнаас өөр хүн оруулахгүй байх зэргийг харуулсан үзүүлэх сургуулилт боллоо.

“COVID-2019 халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт”-ыг эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн тасаг, нэгж бүрт үе шаттайгаар зохион байгуулан болзошгүй эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар ур чадвар, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ