Налайх Бизон цувралыг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг дөрвийн хоёр дахь тоглолт улирлыг хожлоор тэргүүлсэн А.Энхбаатар, Н.Ариунбилэг эзэнтэй Хэнтий ЭБЭГ, Налайх Бизон багийн хооронд болж 100:102-аар Налайх Бизон баг хожлоо.
Тоглолт эхнээсээ л өгөө аваатай маш сонирхолтой болж, хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдсөн. Эцсийн мөчид 100:100 гэсэн оноотой тэнцүү байхад Г.Бямбабат эзэнтэй Налайх Бизон багаас Ш.Мөнх-Эрдэнэ довтолгоог амжилттай болгосноор тэргүүлж эхэлсэн.
Улмаар 5 секундэд Хэнтий аймгийн багийн Н.Шижирбат алдаа гаргаснаар 100:102-оор Налайх Бизон баг хожлоо. Тус тоглолтыг 22 оноотой Ш.Мөнх-Эрдэнэ, 20 оноотой Б.Очир-Эрдэнэ нар тэргүүлсэн. Харин тоглолтын шилдгээр 18 оноо, 23 самбар, 6 хаалтыг хийсэн Ө.Мөнхбаяр тодорлоо. Хэнтий аймгийн багаас улирлын “Үнэ цэнтэй тоглогч Н.Шижирбат 18 оноогоор багаа тэргүүлэв.