1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил тохиожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-01-20 16:33:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил нь 2019 он байсан тухай Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв. Өнгөрсөн жилийн агаарын дундаж температур 1.2°C байсан байна.


Бүс нутгаар авч үзвэл говийн нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6-аас +9.6°С, тал хээр, Их нууруудын хотгор орчмоор +2-оос +5°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4°С аас -8°С, бусад нутгаар -1-ээс +2°С орчим байжээ.

Мөн өнгөрсөн он 1940 оноос хойш тохиолдсон 35 дахь хур тунадас багатай жил байв. Жилийн нийлбэр хур тунадсыг газарзүйн тархалтаар авч үзэхэд, Хөвсгөлийн уулсын зарим нутаг, Хэнтийн нуруу, Архангайн хойд хэсэг, Идэр Тэсийн гол сав, Өвөрхөнгайн Хархорин, Увсын Малчин орчим нутгаар 306.9-419 мм, тал хээрийн говийн бүс нутгаар 69.5-166.2 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн гол орчмоор 25.1-62.4 мм орсон байна. 

2019 оны өвлийн улиралд Ховд болон Говь-Алтайн баруун хэсэг, Өмнөговь аймаг орчмоор олон жилийн дунджаас 20-60 хувиар илүү, нутгийн зүүн хойд хэсгээр 20-40 хувиар бага тунадас оржээ. 

Түүнчлэн өнгөрсөн онд улсын хэмжээнд цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 78, гамшигт үзэгдэл 21 удаа болсноос салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их цас 2, цочир хүйтрэл 6, их бороо 9, мөндөр 13, шар усны үер 2, аянга цахилгаан 17 удаа тус тус ажиглагджээ. Үүний улмаас 22 хүн амиа алдаж, 2 хүн гэмтэж, 22143 мал хорогдож, 5 зам, гүүр эвдэрч, 233 гэр, 226 хашаа нурж, 31 барилгын дээвэр хуурч, 27 эрчим хүчний шон унасан бөгөөд улсад 15 тэрбум 139 сая 945 мянган төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Холбоотой мэдээ