Украины нисэх онгоцны ослын талаар мэдэгдэл хийжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-16 14:24:31

МАДРИД. /IRNA/. Ираны генерал Касем Сулейманийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөнтэй холбоотойгоор дайны байдал үүсээгүй бол Украины нисэх онгоц осолдохгүй байсан гэж Иран улсаас Испани улсад суугаа Элчин сайд Хасан Кашкави лхагва гарагт Испанийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.


Энэ сарын 3-нд Лалын хувьсгалт гвардын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч К.Сулеймани тэргүүтэй найман хүн Иракийн нийслэл Багдад хотын нисэх буудлыг онилон өгсөн АНУ-ын агаарын цохилтод өртсөний улмаас амиа алдсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны генералын амийг хөнөөх тушаал өгснийг Х.Кашкави онцлоод, уг явдлын улмаас дайны байдал үүсэж, Украины нисэх онгоцыг буудан унагаах нөхцөл байдалд хүрсэн хэмээн хэлжээ.


Иранаас Испанид суугаа Элчин сайд нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэж буйгаа илэрхийлээд, дэлхий дахинд болсон үүнтэй төстэй үйл явдлуудаас үзэхэд Иран улс гуравхан хоногийн дотор үнэн мөнийг тогтоож, мэдээллийг хамгийн хурдан түгээсэн хэмээн нэмж хэлсэн байна.


Ираны Зэвсэгт хүчин АНУ-ын гаргаж болзошгүй балмад үйлдлийн эсрэг тэмцэх зорилгоор бэлэн байдалд байсан боловч Техранаас хөөрөөд удаагүй байсан Украины “Boeing 737” нисэх онгоцыг санамсаргүйгээр сөнөөжээ. Ираны эрх баригчид уг явдлыг хэн нэгний буруутай үйлдлээс болсныг хүлээн зөвшөөрөөд, эмгэнэлт явдал тохиолдсонд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ