БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Үндэсний номын сангийн ажилтай танилцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-15 18:10:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын санд монголчуудын оюуны өв, баримт болох 3 сая 500 мянга гаруй ном хэвлэл маш хүнд нөхцөлд хадгалагдаж байгаа тухай мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тус номын сангийн нөхцөл байдалтай танилцлаа.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, “Мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагын дүгнэлт актыг үндэслэн маш олон удаа төсөв мөнгө хүссэн өргөдөл, бичиг цаас явуулсан ч шийддэггүй. Энэ удаад төр засаг соёлын асуудалд онцгой анхаарч номын сангийн засвар шинэчлэлд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөнд талархаж байна. Ашиглалтад орох гэж байгаа номын сангийн өргөтгөлд орчин үеийн 2 сая гаруй ном, хэвлэлийг шилжүүлэх болно. Үндэсний номын сангийн энэ байр эртний ховор судар номтойгоо үлдэж, соёлын баримтат өвийг сэргээн засварлах үндэсний төв, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, баримтат өвийн музей болж хүмүүст үйлчлэх төсөөлөл бидэнд бий” хэмээв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойг номын сан өнгө төрхөө сайжруулан угтах нь тодорхой. Ингэхдээ сантехник, фондуудын хэсэгчилсэн засвар, дээвэр зэрэг ажлын зургуудыг мэргэжлийн байгууллагаар нарийн тооцоотой гаргуулах хэрэгтэй” гээд зураг төсөл, төлөвлөгөөг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.


Холбоотой мэдээ