МУИС-ийн 637 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-15 16:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 2019-2020 оны өвлийн төгсөлт болж 12 доктор, 158 магистр, 467 бакалавр өнөөдөр энгэрийн тэмдэг, дипломоо  гардлаа.


МУИС-ийг нийт 637 суралцагч төгсөж байна. Үүнээс докторын зэрэгтэй төгсөгчдийн 9 нь, магиструудын 59 нь, бакалавруудын 44 нь А дүнтэй төгссөн байна. Нийт төгсөгчийн 2 хувь буюу 13 төгсөгч нь гадаадын иргэн байна. Тухайлбал, БНСУ-аас 3, БНХАУ-аас 9, Япон Улсаас 1 суралцагч тус тус төгсөж байгаа юм.


Төгсөгчдөд зориулсан ёслолыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, Дээд боловсролтой мэргэжилтэн та бүхнээс мэргэжлийн өндөр ур чадвартай, хүмүүнлэг, эрүүл биетэй, ёс зүйтэй, ажлын хариуцлагатай байхыг шаардах болно. Энэ бүхнийг биелүүлэхдээ төгсөгч та гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, МУИС-ийн нэг үеийн болон үе үеийн төгсөгчид, багш нартайгаа мэргэжлийн эв нэгдэлтэй, хамтран ажиллахыг хүсэж байна. Ирээдүйд XXI зууны хөгжлийн хурдны их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай тийм мэргэжилтэн бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах болно. Энэ уриа дуудлагыг манай эрдэмтэн багш нар, оюутнууд гүнээ ухамсарлан мэдэрч, тэр шаардлагын дагуу сурлага хөдөлмөр, эрдэм судлалынхаа ажлыг чиглүүлэх болно” гээд нийт төгсөгчдөд амжилт хүслээ.


Газарзүйн ухааны доктор Б.Сайнбуян төгсөгчдийг төлөөлж үг хэлсэн юм. Тэрбээр, “Биднийг энэхүү эрхэм хүндтэй эрдмийн зэргийг гардан авахад гол үүрэг гүйцэтгэж, эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан эрхэм хүндэт эрдэмтэн, багш нар, мөн бидний судалгааны ажлыг удирдсан, зөвлөгөө өгсөн багш нартаа талархал илэрхийлье. “Мөрөөдөл ид шидээр биелдэггүй. Хөлс хүч, зорилго, шаргуу хөдөлмөрөөр биелнэ” хэмээх үгийн утга учрыг өнгөрсөн хугацаанд биеэр мэдэрч, тууштай шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг бид өнөөдөр хүртэж байна. Одоо бид илүү ихийг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө сурсан мэдсэн зүйлээ ашиглан, улам хичээн, шаргуу хөдөлмөрлөх ёстой юм. Цаашид “Сурсан эрдмээрээ баян чинээлэг амьдрахын төлөө” шударгаар хөдөлмөрлөж, МУИС-ийнхаа нэр төрийг өндөрт өргөж явах болно гэдгээ сургуулийнхаа индэр дээрээс нийт төгсөгчдийнхөө өмнөөс илэрхийлж байна” гэв.


Холбоотой мэдээ