Хошой аварга багшийн шавь тусгай байрын шагнал хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаан 23 дахь жилдээ амжилттай болж шилдгүүдээ тодруулжээ.
Энэ жилийн уралдаанд Сэлэнгэ аймгийн
оролцогчид амжилттай оролцож, Бичвэрийн бус бүтээлээрээ Сайхан сумын 1-р сургуулийн 11б ангийн сурагч
Э.Эрдэнэбаатар тусгай байрын шагнал хүртсэн амжилтыг үзүүллээ.
Сурагч Э.Эрдэнэбаатар монгол бичигтэй цацлын хувин хийж оролцсон байна. Тэрээр энэхүү уралдаанд анх удаа оролцож байгаа гэнэ. Дуулж бүжиглэх авьяастай Э.Эрдэнэбаатар бүтээлчээр сэтгэдэг, гарын дүйтэй авьяаслаг хүүхэд хэмээн багш нь магтав. Түүний удирдагч багш нь тус уралдааны хошой аварга, монгол хэл, бичгийн багш Ж.Гэрэлмаа юм. Сайхан сумын сурагчид тодруулбал монгол хэл, бичгийн багш Ж.Гэрэлмаагийн удирдан хичээллүүлж буй хүүхдүүд маш авьяаслаг төдийгүй багшийнхаа хамтаар үндэсний эх бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн амжилт гаргаж, тус уралдаанд жил бүр оролцдог байна.
Багш Ж.Гэрэлмаа “Монголын сайхан бичигтэн 2015” улсын уралдаанд бүтээлийн ангилалд тэргүүн байрт шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч байсан юм. Тэрээр “Монгол бичгэн хээтэй авдар” сийлбэрээр энэхүү хүндтэй шагналын эзэн болж байв. Мөн тэрээр Монгол бичиг бол эвхэж, хээлж, зурж, таталгаж болдгоороо бусад бичгээс онцлог, давуу талтай гэж хэлж байсан. Энэхүү онцлогоо харуулсан, оролцогчдын уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилго бүхий “Бичлэгийн бус бүтээл”-ийн ангилалд “Монгол гэр” бүтээлээрээ мөн 2018 онд тэргүүн байрт шалгарч байв.
Ташрамд дуулгахад, Ж.Гэрэлмаа багш энэхүү уралдааны хоёр дахь түрүү магнайг хүртсэн хошой аварга бүтээлч багш билээ.







