“Энэрэл” төвийг төгссөн 200 гаруй хүүхэд дээд боловсрол эзэмшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвөөр зочиллоо. 1992 оны есдүгээр сарын таванд байгуулагдаж байсан тус асрамжийн төвд одоогоор 60 орчим хүүхэд сурч, хүмүүжиж байна.
Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагааг нь санхүүжүүлэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхдүүдийг их, дээд сургуульд элсэхэд нь тусалж, дэмждэг байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхэд дээд боловсрол эзэмшээд байна.
Аймгийн Засаг дарга Д.Батлут хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг гардуулах
үеэрээ монгол соёл, уламжлал зан заншлаа
сурч, мэдэхэд нь зориулж таван ханатай
өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны өдөр өнжүүлэх төв, Хүүхэд хамгааллын “Сайн үйлс” төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх “Найдвар төв” зэрэг байгууллагаар зочиллоо.