Орхон аймагт сүүлийн гурван жилд 567 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-26 09:48:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Сүүлийн гурван жилд Орхон аймгийн Цагдаагийн газар гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар 84 хүнд  торгууль ногдуулж, 551 хүнийг баривчилж 67 хүнд хэрэг үүсгэн шалгажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас ял эдэлсэн болон баривчилсан хүний тоог сүүлийн гурван жилээр харьцуулж харвал, 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн 1, 2018 онд 9, 2019 онд 6 хэрэг бүртгэгдсэн байна.  Зөрчлийн тухай хуулиар 2017 онд 141, 2018 онд 187, 2019 онд 228 хүнд арга хэмжээ авчээ.

Мөн 2017 оноос хойш 567 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 151 хүнд  хуулийн байгууллагаас хүүхдийн тэтгэвэр олгох шийдвэр гаргасан байна. Гэр бүл салж буй шалтгааны 50 хувь нь гэр бүлийн гадуурх харилцаа, 30 хувь нь архины хамаарал, 10 хувь нь олон жил тусдаа амьдарсан, 10 хувь нь үзэл бодол таарахгүйн улмаас гэж гарчээ.  Уг мэдээллийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр хийсэн юм.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ, ЭМГ зэрэг мэргэжлийн 10 гаруй байгууллага хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Орхон аймгийн дэд хөтөлбөр”–ийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Жендэрийн эрх, тэгш байдлыг хангахын тулд төсвийн оновчтой хуваарилалт, нийгэм, ажлын байран дахь хүйсийн тэнцвэртэй байдал, гэр бүл дэх эрх, тэгш байдал, оролцоо зэрэг олон асуудлыг хөндөж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа юм. Иймээс сүүлийн гурван жилд Орхон аймагт гэр бүл салалт, хүчирхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг сонссон ажээ.

Орхон аймаг 2018 оны байдлаар 105.829 хүн амтай. Үүний 51.890 нь эрэгтэй, 53.939 эмэгтэй, 0-18 насны 36.384, 18-60 насны 59.839, 61-ээс дээш насны 6994 иргэн байна. Тэдний нийгэм дэх тэгш оролцоог хангахын тулд дээрх хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа юм. Уг асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо. 

Холбоотой мэдээ