Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-19 16:07:12

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш хуралдаж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус ажлын хэсгээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналыг хуулийн төслүүдэд нэмж тусган, хууль зүйн техникийн талаас нь хянаж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийжээ.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг хуулийн төслийн холбогдох зүйл, заалтыг нягтлан үзжээ. Тухайлбал төслийн 21.2 дахь хэсгийн “тусламж үйлчилгээг гэрээний дагуу” гэснийг “эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартын дагуу” гэж өөрчлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Харин төслийн 15.1.4, 16.3.4 дэх заалтын “ял шийтгэлгүй” гэснийг тус тус хасах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжив.

Улмаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Н.Туяа 

Холбоотой мэдээ