Д.Баттуул: Ипотекийн зээл зогсоогүй олгогдож байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-20 22:50:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголбанкнаас санаачлан “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг он дуусталх хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Д.Баттуулыг Хэнтий аймагт ажиллах үеэр нь уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Хэнтий аймагт ажиллаад буцаж байгаа юм байна. Зорьсон ажлууд бүтэмжтэй юу?

-Монголбанкнаас санаачлан “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Уг аяны хүрээнд банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах, хадгаламжийн даатгалын тогтолцоо болон банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй. Хөдөө орон нутгийн санхүүгийн хэрэглэгчид мэдээлэл ихээхэн хомс байдаг тул орон нутгийн иргэдийг чадавхжуулж, мэдлэг олгох нь чухал.

Тус аяны сургалтыг орон нутагт зохион байгуулахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс үүрэг болгосны дагуу аймгуудын санхүүгийн хэрэглэгч болох ард иргэд, банк, төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, МСҮТ, ЕБС зэрэг аль болох бүх зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, уулзалт хийгээд явж байна.

-Хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн зүйтэй санагддаг. Энэ чиглэлээр хийдэг сургалтынхаа талаар танилцуулаач ?

-Монголчуудыг ажиглаад байхад зээлийг цаг тухайд нь төлдөг хэрнээ хадгаламжийг хойш нь тавиад байдаг. Тэгэхээр эсрэгээрээ, зээл төлж байгаа юм шиг хадгаламждаа хуримтлал үүсгээд сураасай гэдэг үүднээс энэ чиглэлийн санхүүгийн боловсролыг олгох сургалт хийж байна. Хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ гэхээр зорилгоо эрэмбэлэх буюу орлого зарлагаа жагсааж бичих, төлөвлөж сурах хэрэгтэй. Дараагийн алхам бол хамгийн түрүүнд чухал байгаа зүйлийнхээ төлөө мөнгөө хуримтлуулж эхлэх нь зүйтэй. Жишээлбэл, хоёр жилийн дараа хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй болно гэж үзвэл тухайн мөнгөн дүнгээ сардаа хуваахад, сард хэдэн төгрөг хуримтлуулвал зохих вэ гэдэг асуудал маань шийдэгдчихэж байгаа юм. Манайхан аливаа зүйлийн цагийг нь тулсан хойно хөдөлж эхэлдэг. Ингэснээр бодлогогүй алхам хийхэд хүрдэг. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гол зорилго маань эдгээр эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийн төлөө юм. Ялангуяа шинэ үеийнхэн маань санхүүгийн боловсролтой байх зайлшгүй шаардлагатай байна.

- Хуримтлал үүсгэх хамгийн шилдэг арга юу вэ?

- Цалингийн дансаа хадгаламжийн данстай холбох. Эсвэл нэг дэвсгэртийг дагнаж хадгалах, хамгийн бага мөнгөөр өдөрт 100 төгрөгөөр нэмж цуглуулах гэх мэт аргууд байна. Ер нь хадгалж сурахын тулд та өөрөөсөө хүсэл үү?, хэрэгцээ юу? гэсэн асуултыг асуугаад үз. Хэрвээ танд зайлшгүй шаардлагатай биш л бол худалдаж авах зүйлээ авсан гэж бодоод цааш нь хадгаламждаа хийж болдог. Энэ мэтчилэн хадгаламжтай болох маш олон аргууд байна.

- Хэмнэх арга олон байдаг байх?

- Мэдээж бий. Өвлийн хувцсыг зун ав, гацуур модыг 12 сард биш нэгдүгээр сард аваад хадгалж болж байна. Тэгвэл маш хямд авч болно. Мөн шинэ загварын араас хөөцөлдөхгүй байх хэрэгтэй. Загвар хөөсөн хүн хэзээ ч хуримтлалтай байж чаддаггүй. Эдгээрээс хамгийн чухал нь эрүүл байх. Эрүүл аж төрөхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эрүүл байх нь санхүүд маш том хэмнэлтийг үзүүлдэг гэдгийг дэлхийн улс орнууд аль хэдийнэ мэдээд хэрэгжүүлээд эхэлчихсэн байна.

- Улсын хэмжээнд зээлдэгч, хуримтлал үүсгэгч хоёрын аль нь их бол?

- Монгол Улсад 13 арилжааны банк байна. 2019 оны аравдугаар сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 13,8 их наяд орчим, зээлийн хэмжээ 18 их наяд хүрээд байна. Нийт хадгаламжийн 80 орчим хувь нь иргэдийн хадгаламж байна.

- Зээлийн хугацаа хэтрэх, нийгмийн даатгал төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Монгол банкны мэдээллийн санд ордог. Энэ мэдээллийн сан чухам ямар учиртай зүйл вэ?

- Манайд 500-600 орчим байгууллага зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Мэдээж тодорхой шат дараалалтайгаар орно шүү дээ. Зээлийн мэдээллийн санд хувь хүний мэдээлэл зургаан жил хадгалагддаг. Энэ нь тухайн хүний талаарх мэдээллийг л хадгалах, санах үүрэгтэй болохоос хар жагсаалтад оруулаад зээл огт олгохгүй болно гэсэн үг биш. Эрсдэлтэй байж магадгүй гэдгийг л анхааруулж байгаа юм.

- Банкны шимтгэлийг өндөр байна гэж иргэд гомдолдог. Үүнийг төв банк хянах зохицуулах боломж байдаг уу?

- Банк бол зардал ихтэй байгууллага. Хадгаламжийн хүүний зардал, үйл ажиллагааны зардал гэх мэт маш их зардлууд гардаг ба бага хувь хэмжээний ашиг олдог. Гэхдээ ашгийн төлөө байгууллага шүү дээ. Тиймээс шимтгэлийн орлого нь арилжааны банкуудад аливаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад чухал нөлөөтэй байдаг. Үнийн дүнгийн хувьд тогтоосон хязгаар гэж байдаггүй. Тухайн банкууд өөрсдөө шимтгэлийн хувь хэмжээгээ тогтоодог. Нэгэнт энэ бол өрсөлдөөний талбар учраас шимтгэлээ багасгаж хэрэглэгчдийг татаж болно. Үүнд арилжааны банкууд дотоод үйл ажиллагаагаараа зохицуулалтаа хийгээд явах боломжтой.

- Ирэх 2020 оны мөнгөний бодлого ямар байх талаар яриагаа үргэлжлүүлье?

- Саяхан УИХ-аар 2020 онд мөнгөний талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлээ батлууллаа. Тухайлбал УИХ-ын тогтоолд Нэгдүгээрт, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг авч, олон улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана. ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ээс Монгол Улс техникийн хэрэгжилтийн нийт 40 зөвлөмжөөс ихэнхийг нь биелүүлсэн байгаа. Мөн үлдсэн зөвлөмжийг биелүүлж, ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаад гарах буюу аль болох хурдан гарахаар ажиллаж байна.

Хоёрдугаарт,  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар тусгагдсан байгаа.

Гуравдугаарт, Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг тууштай нэмэгдүүлэх юм. Монгол Улсын гадаад өр 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 29.5 тэрбум ам.доллар байгаагийн 25 хувийг Засгийн газрын өр, долоон хувийг Төв банкны гадаад өр эзэлж байна. Засгийн газар болон Төв банкны өрийн хэмжээг эдийн засагт дарамт учруулахгүйгээр оновчтой шийдвэрлэх нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрээд байгаа хэдий ч гадаад валютын албан нөөцийн хэмжээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 27.5 хувь, ОУВС-гийн аргачлалаар тооцсон гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлын үзүүлэлтээс 1.3-2.0 дахин бага байна. Иймд Төв банкны гадаад өрийг бууруулахын зэрэгцээ гадаад валютын цэвэр нөөцийг цаашид үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлага чухал хэвээр байна.

Дөрөвдүгээрт, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, зээл олголтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлж, хэрэгжилтийг хангана. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, түүнд санхүүгийн мэдлэг боловсролыг зөв хүртээмжтэй олгосноор цаашдын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй. Иймд Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тус хуулиар санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах шаардлага стандартыг тогтоож, санхүүгийн хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, ойлголтыг үнэн бодитоор үнэ төлбөргүй авах эрхийн харилцааг зохицуулах юм.

Тавдугаарт, Банкны салбарын “Чанаргүй активыг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийг хангаж, хууль эрх зүйн шинэ орчинг бий болгоно. Чанаргүй зээлд нөлөөлж буй нэг хүчин зүйл бол зээлийн маргааныг шуурхай шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй, банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага, зээл олгох стандарт хангалтгүй байгаа зэрэгтэй холбоотой юм. Иймд банкны салбарын чанаргүй зээлийг түргэн хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх чадамжийг сайжруулах, зээлийн эрсдэлийн удирдлагыг олон улсын жишигт хүргэх ажлын хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2018 оны зургаадугаар сард “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-г баталж, хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч байна.

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: 1. Инфляцийг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулна. 2. Банкны системийн эрсдэлийг үнэлэх, макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. 3. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулна.

Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд: 1. Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ. 2.. Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулна 3. Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах арга хэмжээг авна.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд: 1. Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, төлбөрийн систем дэх финтек компаниудын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ. 2. Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналыг олон улсын жишигт хүргэн, мэдээллийн технологийн хөгжлийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. 3. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг сайжруулна гэж тус тус заасан байгаа.

-Зээлийн хүү одоо буурч байна уу өсч байна уу?

-Сүүлийн жилүүдэд зээлийн хүү, хадгаламжийн хүү аль аль буурсан байгааг статистик дүн мэдээнээс та бүхэн харж болно.

-Ипотекийн зээл үргэлжилж байгаа юу?

-Ипотекийн зээлд нийт 96,000 мянга гаруй хүмүүс хамрагдсан байдаг. Үүнд 4,6 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон гэсэн үг. Хүмүүсийн дунд ипотекийн зээл зогссон гэж яриа гараад байгаа. Уг зээл зогсоогүй бөгөөд сар бүр Монголбанк, Засгийн газар, Банкуудын эх үүсвэрээр зээлийг олгож байна.

-Валютын ханшийн хэлбэлзэл ирэх онд ямар байх вэ?

-Үүнийг томоор харах юм бол төлбөрийн тэнцэлтэй илүү их холбоотой. Тодруулбал валютын орох гарах урсгалыг төлбөрийн тэнцэл гэж ойлгож болно. Манайд валют их ороод, гарах нь бага байвал валют элбэгшиж нөөц ихсээд ханш буурдаг бөгөөд эсрэгээрээ байвал ханш өсдөг. Тэгэхээр валют орох урсгалд нөлөөлөх хүчин зүйл нь экспортын орлого болох уул уурхай, ноолуур зэрэг түүхий эд, мөн гадаадын жуулчид, гадны зээл тусламж зэрэг байдаг. Харин бид ихэнх зүйлээ импортоор авч байгаа. Мөн гадагшаа эмчилгээнд явах, аялах гэх мэт зүйлүүдэд валют төлж байгааг гарах урсгал гэж нэрлээд байгаа юм. Тиймээс бид импортыг орлох үйлдвэр барих чухал. Мөн ханшид нөлөөлдөг нэг зүйл бол иргэдийн хүлээлт юм. Манай улс харьцангуй жижиг зах зээлтэй учраас иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл явах нь бий. Иргэд маань хэдий хэмжээний санхүүгийн боловсролтой байна, төдий хэмжээний ханшийн савалгаа үүсэх нь бага байна гэсэн үг.

-Манай улсын эдийн засгийн хэмжээ хэр вэ?  Одоогоор сэргэлтийн дүр зураг ажиглагдаж байгаа юу?

-Монгол Улс 2018 оны байдлаар ДНБ 32 их наядад хүрсэн. Энэ нь дэлхийд эхнээсээ 120 хавьцаа эрэмбэлэгдэж байгаа юм. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 100 орчимд явж байгаа. Манай улс 2016 онд эдийн засгийн хувьд нэлээд хүнд байдалд орчихсон байсан. Үүнээс хойш харьцангуй зөв бодлого шийдвэрүүд гарсны үндсэн дээр одоо Монгол Улсын эдийн засаг сэргэлтийн үе дээрээ явж байгаа.



 

 

 

Холбоотой мэдээ