Монголын маркшейдерийн холбооны 30 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-13 17:19:52
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монголын маркшейдерийн холбооны 30 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус бага хурлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ивээн тэтгэж, Монголын маркшейдерийн холбоо, ШУТИС хамтран зохион байгуулсан байна. Уг хуралд Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, Оюутолгой, Энержи ресурс зэрэг уул уурхайн томоохон үйлдвэр, компаниудын судлаач инженер, ШУТИС-ын оюутнууд, уул уурхайн салбарын эрдэмтэн, докторууд оролцов.

Эрдэм шинжилгээний бага хурал нь судлаач инженер, судлаач оюутан гэсэн хоёр ангилалд болж шилдэг судалгааны ажлыг тодруулахаас гадна уул уурхайн маркшейдер инженерүүд салбарын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар хэлэлцэж, зөвлөмж, санал гаргаж байгаа юм. Орд газрыг илээр болон далд аргаар ашиглах явцад төлөвлөлтөөс эхлээд олборлоод дуусах хүртэлх бүхий л үе шатанд мэдээллийг боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажлыг маркшейдерүүд гүйцэтгэдэг. Тиймээс энэ мэргэжлийн нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын үр дүн Монголын уул уурхайн салбарт чухал нөлөөтэй юм.

Монголын маркшейдерийн холбоо нь Монгол Улсын анхны төрийн бус байгууллагуудын нэг юм. Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Шагдарын Отгонбилэг 1988 онд ОХУ-д болсон олон улсын маркшейдерүүдийн хуралд оролцож ирээд 1989 оны 12-р сарын 15-нд Монголын маркшейдерүүдийн холбоог байгуулж байсан түүхтэй. Эрдэнэтийн овооны ордод хайгуул хийж, нөөцийг тогтоон, улмаар үйлдвэр байгуулах шийдэлд хүрсэн тэртээ 1976 онд Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтэс байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 17 маркшейдер инженерүүд ажилллаж олборлосон хүдрийн хэмжээ, хүдэр дэх ашигт малтмалын агуулга, чанар, нөөцийг ангилан тооцох ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ баяжмалын агуулгын хэмжилт тооцоолол хийж, Хаягдлын аж ахуйн технологийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шалгаруулалт Улаанбаатар хотноо болсон. Судлаач инженерүүд, уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор жил бүр үндэсний хэмжээний энэхүү бага хурлыг зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны 41 жилийн түүхэн ойн өдөр 12 дугаар сарын 14-нд тохионо. Энэ өдөрт зориулан уул уурхайн хөгжлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх, салбарын хөгжилд мэргэжлийн маркшейдеруудын санал санаачилгыг тусгах зорилгоор Эрдэнэт үйлдвэр, Монголын маркшейдерийн холбоо хамтран өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ