Орхон аймагт газар тариалангийн салбарт 21 аж ахуйн нэгж, 1000 гаруй иргэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-08 19:50:53
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улс газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Үүний хүрээнд Орхон аймгийн газар тариалангийн салбарынхан “Атар-60 жил” баярын хурал зохион байгууллаа.

Тус аймагт газар тариалангийн салбарт 21 аж ахуйн нэгж, 1000 гаруй иргэн ажиллаж байна. Атрын-60 жилийн түүхэнд Орхон аймгаас  Хөдөлмөрийн баатар, Гавъяат механикжуулагч нэг, Гавъяат агрономич нэг, Улсын аварга тариаланч, механикжуулагч-13, "Улсын аварга хамт олон”-оор “Бүтлийн ундарга” ХХК таван удаа, “Орхон тариа” ХХК гурван удаа, “Алтан тошлой” ХХК нэг удаа шалгарч байжээ.

“Атрын I” аян 1959 оноос эхэлсэн бол Орхон аймаг, Эрдэнэт хотод “Атрын II аян” буюу 1976 оноос газар тариалангийн салбар хөгжиж Улаантолгойн сангийн аж ахуйг байгуулсан байдаг. ЗХУ-ын хөрөнгөөр тус сангийн аж ахуйг байгуулж 120 үнээний саалийн механикжсан цогцолбор, комбайн тракторын засварын газар, услалтын иж бүрэн систем, 2.5 га талбай бүхий дөрвөн улирлын шилэн хүлэмж, 7100 га эргэлтийн талбай зэрэг томоохон бүтээн байгуулалтыг Эрдэнэт хотод хүлээлгэн өгч байжээ. Тухайн үед 7100 га талбайн 5000 га-д тариалалт хийж 2000 орчим га-д уриншийн боловсруулалт хийдэг байсан аж. 1986 онд л гэхэд 23850 тонн сайн чанарын дарш бэлтгэж улсдаа тэргүүн байр эзэлж байжээ. Мөн 8075 тонн төмс хураан авч илүү гарсан 500 тонныг ЗХУ руу экспортолж байсан гэдэг. Түүнчлэн 1989 онд 3854 тонн үр тариа хураан авсан нь сангийн аж ахуйн түүхэндээ хамгийн их ургац хураан авсан он жил нь юм.  

Монгол Улсын Засгийн газраас 2008 онд “Атрын III” аяныг эхүүлж газар тариалангийн салбарт техник, технологийн шинэ үеийг эхлүүлсэн байдаг. Орхон аймаг газар нутаг багатай ч газар тариалангийн салбартаа улсдаа тэргүүлэгч хэвээр байгааг салбарынхан онцолдог. Тухайлбал, га-аас авах ургацын хэмжээг 15-32.5 центрт хүргэж төмс, хүнсний ногооны га-аас авах ургацыг 127 цн хүргэсэн нь сүүлийн таван жилд улсын дунджаас дээгүүр арвин ургац хураан авсан аймгийн нэгд жагссан байна. Энэхүү түүхэн ойн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат агрономич” цолыг Улаантолгойн сангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан ахмад агрономич О.Дүгэрсүрэн хүртлээ. 

Холбоотой мэдээ